Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж замын хөдөлгөөний ачааллыг бууруулахаар хэрэгжүүлж буй арга хэмжээний ажлын явцыг сонсож, Нийслэлийн жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай, Нийтийн эдэлбэр газрын байршил, хэмжээг тогтоох тухай, Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай зэрэг 10 асуудал хэлэлцэж байна.
Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар танилцуулга, мэдээллийг нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр хийлээ. Хөдөлгөөний ачааллыг бууруулахын тулд дөрвөн уулзварт шар дөрвөлжин тэмдэглэгээ хийж, өнөөдрийн байдлаар зөрчил гаргасан 610 жолоочид торгууль ногдуулжээ. Мөн таван замыг нэг чигийн хөдөлгөөнд оруулах гээд үе шаттай арга хэмжээ авч буйг танилцуулгад дурдав. Гэсэн хэдий ч хөдөлгөөний ачааллыг сааруулах чиглэлээр хийж буй ажлууд үр дүн муутай байгаа аж. Тиймээс авто замыг бүсчлэн хувааж, жолооч нарыг хөдөлгөөнд оруулах нь зүйтэй хэмээн үзжээ. Энэ хүрээнд автозогсоолын тоог олшруулж, тохижуулан, татвар болон торгуулийн орлогыг бүрэн төвлөрүүлэх боломж бүрдүүлэх аж. Цаашид “А” бүсэд автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оруулах, “А”, “В” бүсээр 07.00-17.00 цагт орон нутгийн дугаартай автомашиныг зорчуулахгүй байх асуудлыг судалж буй аж. Түүнчлэн техникийн улсын үзлэгт ороогүй, татвар болон торгуулийн төлбөрөө төлөөгүй жолоочийг “А”, “В” бүсэд нэвтрүүлэхгүй байхаар тогтжээ.
Танилцуулга мэдээлэлтэй холбогдуулан Тэргүүлэгчид холбогдох албаныхнаас тодруулга авч, саналаа хэлэв. Тухайлбал, Тэргүүлэгч Ч.Гантулга техникийн улсын үзлэгт хамргадсан автомашинууд ч утаа хаяж, орчныг бохирдуулж байгаа тул үүнд анхаарлаа хандуулж, дэлхийн хотуудын жишгээр тусгай нэгж ажиллуулах шаардлагатай гэв. Тэргүүлэгч Ё.Цацралтуяа автомашины насжилтад анхаарал хандуулахыг дурдаад нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах шаардлагатайг онцолсон.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва холбогдох албаныхнаас хэрэгжүүлж буй арга хэмжээ, тухайлбал зарим замыг нэг чиглэлийн хөдөлгөөнд оруулсан шийдвэр хэр дүнтэй байгааг лавлаж, санал хэллээ. Тэрбээр “Автомашины улсын дугаар олгох үйл явцыг ухаалгаар шийдэх асуудыг судлах хэрэгтэй байна. 1000 хүнд ногдох автомашины тооны хязгаарыг Улаанбаатар хот аль хэдийнэ давсан учраас аль болох л зөв зохицуулалт хийх хэрэгтэй. Ардчилсан нийгэмд хүн бүр хариуцлагатай ажиллаж, амьдрах зарчим байх ёстой. Татвар, торгуулийн төлбөрөө төлөхгүй байж болохгүй. 10-аас дээш удаагийн торгуулиа төлөөгүй 60 мянга гаруй жолоочийг хариуцлагажуулахад анхаарч ажиллах хэрэгтэй байна” гэсэн юм.
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ