Ерөнхий сайд У.Хүрэлсүх Байгалийн түүхийн музей, Улсын драмын эрдмийн театрт ажиллалаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдааны үеэр үндэсний хэмжээний театр, музейтэй болох шийдвэр гаргасан юм. Тэрээр өнөөдөр Байгалийн түүхийн музей, Улсын драмын эрдмийн театр, Хүүхэлдэйн театрт ажиллаж, удирдлага, уран бүтээлчид, ажилтнуудтай нь уулзав. 

​Байгалийн түүхийн музей 2013 онд хаалгаа барьснаас хойш өнөөг хүртэл ямар ч үйл ажиллагаа явуулаагүй. Тухайн үед “Музейн барилга байгууламж нь хүний ажиллаж амьдрах таатай нөхцөл бүрдүүлж, түүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, аюулгүй байдлыг хангасан байх” гэсэн шаардлагыг хангахгүй болсон тул Соёлын тухай, Барилгын тухай хуулийн холбогдох заалт,Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн актыг үндэслэн үйл ажиллагааг нь зогсоожээ. 

​Музейн удирдлага, ажилтнууд 13 мянга орчим үзмэрээ зориулалтын хайрцаг, шилэн хорго зэрэгт хийж, аюулгүй газарт шилжүүлсэн байна. Хэдийгээр барилгагүй болсон ч хуучирсан үзмэрүүдээ сэргээн засварлах, сангаа баяжуулахад анхаарч байгаа тухай музейн удирдлага Ерөнхий сайдад танилцуулав.

Музейн барилга 5000 м.кв талбайтай байсан учир 1100 орчим үзмэр буюу  нийт үзмэрийнхээ 10 орчим хувийг л байрлуулдаг. Цаашид 15 мянган м.кв талбайтай барилгатай болбол нийт үзмэрийн 30 хүртэл хувийг дэлгэх боломжтой гэж тооцоолжээ. 

​Засгийн газар Байгалийн түүхийн музей, Үндэсний урлагийн их театрыг шинээр барихаар төлөвлөн Ажлын хэсэг томилсон. Байгалийн түүхийн музейн энэ газарт өөр музей байгуулахаар судалж байгаа гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэллээ.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгээр ахлуулсан Ажлын хэсэг газар сонгох, барилгын зураг, төсөв боловсруулах, тооцоо судалгаа хийх, барилгын ажлыг эхлүүлэхээр ажиллаж байгаа. Музей, театр барихад шаардагдах хөрөнгийг ирэх оны төсөвт тусгана гэлээ. 

​Ерөнхий сайд дараа нь Улсын драмын эрдмийн театр, Хүүхэлдэйн театрт ажиллалаа.Улсын драмын театрын байранд Үндэсний урлагийн их театр, Хүүхэлдэйн театр байрладаг. Зай талбай дутагдалтай учир нэг байгууллага нь бэлтгэл сургуулилт, тоглолт хийх үед бусад нь сул зогсохоос өөр аргагүй болдог тухай уран бүтээлчид ярилаа. Харин Засгийн газар Үндэсний урлагийн их театр байгуулахаар болсон нь цаг үеэ олсон шийдвэр гэж талархан хүлээж авснаа Ерөнхий сайдад илэрхийлэв. 

​“Сүүлийн жилүүдэд уул уурхайн салбарыг хөгжүүлэх тухай дээр дооргүй ярьсан. Одоо үүнээс гадна урлаг, соёлын салбараа бүх талаар дэмжих ёстой. Урлаг, соёлоор дамжуулж иргэдээ соён гэгээрүүлэхэд анхаарна” гэж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэв.  

​Ерөнхий сайд 2017 онд болсон “Соёл, урлагийн ажилтны улсын II чуулган”-ыг нээж үг хэлэхдээ Байгалийн түүхийн музей, Үндэсний номын сан, Үндэсний урлагийн их театр барих ажлыг эхлүүлнэ гэж байсан юм хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.