Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд сайжруулсан түлшний борлуулалтын цэгүүдээр явж ажиллалаа.
Эхлээд Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Амгалан” дахь зүүн бүсийн хангамжийн баазад очин, нөхцөл байдалтай танилцав. Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал, "Таван толгой түлш" ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар болон бусад холбогдох албаны төлөөлөл, хангамжийн баазын ажилтнууд хотын Захирагчид үйл ажиллагаагаа танилцуулсан юм.
"Таван толгой түлш" ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар “Хангамжийн баазад одоогоор 3363 тонн 400 кг түлш буугаад байна. Баазад энэ жил 150 орчим мянган тонн түлш нөөцөлнө. 400 айл дунд нэг борлуулах цэг байхаар тооцож борлуулах цэгүүдийн тооцоог гарган ажиллаж байна” гэв.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Хангамжийн баазууд түлшний хадгалалтад сайтар анхаарах шаардлагатай. Мөн иргэд, олон нийтэд түлшний борлуулах цэгүүдийн талаарх мэдээлэл, зөвлөмжийг сайн хүргүүлэх, судалгаагаа гаргаж өгөөгүй байгаа дүүргүүдийн мэдээллийг яаралтай нэгтгэж гаргах ёстой. Түгээлт, борлуулалттай холбоотой ажлуудыг наймдугаар сарын 15 гэхэд жигдрүүлсэн байх шаардлагатай байна” хэмээлээ.
Мөн Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах сайжруулсан шахмал түлшний борлуулах цэгээр орж, борлуулагч болон худалдан авагч иргэдтэй уулзан, тэдний санал сэтгэгдлийг сонсов. Энэ үеэр сайжруулсан шахмал түлш худалдаалах цэгийн борлуулагч Г.Ганчимэг “Нам даралтын зуухтай айлд очиж, өөрөө түлж үзсэн шаталт их сайн байсан. Тортог, үнэр байхгүй 9-10 цаг дулаанаа барьж байсан. Иргэд худалдан авалт хийж, зуслан руугаа түлш авч явах нь ихэссэн байна. Одоогоор манай цэгт ямар нэгэн гомдол санал ирсэн юмгүй борлуулалт хэвийн байна” гэв.
Ахуйн зориулалтын найман төрлийн зууханд сайжруулсан шахмал түлшний шаталтын туршилт хийлээ
Дараа нь хотын Захирагч албаны төлөөллийн хамт Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд байрлах ШУТИС-ийн Дулаан техник, экологийн хүрээлэнгийн дэргэдэх “Зуух хөгжлийн төв”-д ажиллаж, сайжруулсан шахмал түлшний шаталтын процессыг газар дээр нь үзэн лабораторийн ажилчдын саналыг сонслоо. “Зуух хөгжлийн төв”-ийнхөн өнөөдөр ахуйн зориулалтын найман зууханд сайжруулсан шахмал түлшээр галлагаа хийж, шаталт болон дулаан хадгалалт, асалт гээд шаардлагатай бүх үзүүлэлтээр хэмжилт хийв.
Энэ талаар нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал “Өнөөдөр найман зууханд туршилт хийж байна. Шаталт нь их сайн, галын градус нь 469, ширмэн дээрээ 235 градус байна. Дөл нь их урт байгаа нь шаталт сайн байгааг харуулж байна. Нэг галлагаа нь 4-6 цаг асна” гэсэн юм.
Хотын Захирагч лабораторийн ажилчидтай санал солилцон, иргэдэд сайжруулсан шахмал түлшний зөв хэрэглээг хэвшүүлэх, ямар зуух хэрэглэвэл илүү үр дүнтэй байх, түлшээр галаа хэрхэн зөв асаах зэрэг мэдээ мэдээлэл, зөвлөмжийг айл өрх бүрт хүргүүлж ажиллах үүрэг чиглэл өглөө.
Мөн энэ үеэр 16 дугаар хорооны иргэдтэй уулзан, сайжруулсан шахмал түлшний хэрэглээг ямар байгааг асууж тодруулан, энэ чиглэлд өөр ямар ажил хийж хэрэгжүүлбэл зүйтэй талаар санал солилцсон юм.