Засгийн газрын хуралдаан 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
“Монгол, Хятадын Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.
Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсэд улсын төсөв, гадаадын хөнгөлөлттэй зээлээр 6.6 тэрбум төгрөг, 59 сая ам.долларын бүтээн байгуулалт, дэд бүтцийн ажил хийгээд байна. Эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд “Замын-Үүд, Эрээний чөлөөт бүс байгуулах ажлыг 50 хувьд, 2019 онд 80 хувьд хүргэх” гэж тусгажээ.
Талууд хамтын ажиллагааны бүсийн бүтээн байгуулалтыг харилцан уялдаатай хөгжүүлж, үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа, хөрөнгө оруулалт явуулах таатай орчин бүрдүүлж, жишиг бүс болгохоор төлөвлөж байна.
Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс