Австралийн ЭСЯ-ны санхүүжилтээр төсөл хэрэгжүүлсэн  байгууллагууд үр дүнгээ танилцууллаа

Австралийн Элчин сайдын яам жил бүр нийт 240,000 долларын санхүүжилттэй “Бичил төслийн хөтөлбөр” хэрэгжүүлдэг билээ. 2018-2019 онд Австралийн Элчин сайдын яамнаас Монгол Улсын тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах, ядуурлыг бууруулах чиглэлээр бичил төслийн санхүүжилт авсан 8 байгууллага өнгөрсөн жилд хэрэгжүүлсэн төслийн үр дүнгээ танилцууллаа.

Онцгой Байдлын Ерөнхий Газар Сэлэнгэ, Хэнтийн зарим суманд ой, хээрийн түймэртэй тэмцэх орон нутгийн иргэдийн сайн дурын бүлгүүдийг байгуулж, шаардлагатай хувцас, багаж төхөөрөмжөөр хангаж, сургалтанд хамруулж, бодлого, журмыг бүрдүүлэх цогц үйл ажиллагаа бүхий төсөл хэрэгжүүлжээ. 

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн харьяа Мэс Засал, Яаралтай Тусламжийг Чадавхижуулах Төвөөс Өмнөговь аймгийн Ханбогдын Сум Дундын Эмнэлгийн эмч, сувилагч нарыг гэмтэл согог, эх барих чиглэлээр яаралтай мэс засал хийх, тусламж үзүүлэхэд сурган ур чадвар, мэдлэгийг нь нэмэгдүүлснээр 15, 16 төрлийн хагалгааг сумын эмнэлэгт хийх бололцоотой болжээ. Тус төсөл нь Австралийн Элчин Сайдын Яам, НҮБ-ын Хүн Амын Сан, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, НҮБ-ын  Хүүхдийн Сан, Оюу Толгой Говийн Оюу Хөгжлийн Сан, Монгол Улсын Засгийн Газар болон орон нутгийн засаг захиргааны байгууллага, ТББ-ууд хамтран хэрэгжүүлэх Өмнөговь аймгийн хүн амын эрүүл мэндийг дэмжих цогц дэмжлэг хөтөлбөрийн нэг хэсэг юм. 

Өмнөговь Аймгийн Эрүүл Мэндийн Газраас хэрэгжүүлсэн төслөөр Ханбогд, Хүрмэн сумын иргэдэд эрүүл мэндийн явуулын тусламж үйлчилгээ үзүүлэх чадавхи бүрдлээ.Өмнөговь аймгийн хүн амын эрүүл мэндийг дэмжих цогц дэмжлэг хөтөлбөрийн бас нэг бүрэлдэхүүн хэсэг болсон энэ төслөөр эхо зураг, зүрхний цахилгаан бичлэг хийх, цусны даралт хэмжих зэрэг үйлчилгээг иргэдэд үзүүлэх бодит боломж бий болсон. 

Монголын Хүйсийн Тэгш Байдлын Төв нь Орхон, Сэлэнгэ аймгуудын эрүүл мэнд, нийгэм, цагдаагийн албаны ажилтнуудад хүйсэд суурилсан гэмт хэрэгтэй нэгдсэн байдлаар тэмцэх чиглэлээр сургалт, уулзалтууд зохион байгуулж, ийм гэмт хэрэгт өртөн хохирогдогсдод иж бүрэн туслалцаа үзүүлжээ. 

Хөвсгөл Аймгийн Нэгдсэн Эмнэлгээс хэрэгжүүлсэн төслийн дүнд Мөрөн сумын 0-5 насны хүүхдүүдийн түлэгдэлтийн түвшинг бууруулж, эмчилгээний чанарыг нэмэгдүүлсэн.Төслөөр эмч, сувилагч нарыг сургалтанд хамруулж, эмчилгээний зарим тоног төхөөрөмжөөр хангаж, эцэг эх, сургууль цэцэрлэг, олон нийтийн дунд нөлөөллийн арга хэмжээ зэрэг үйл ажиллагаануудыг зохион байгуулсан.

Завхан аймгийн Дөрвөлжин сумын эрүүл мэндийн төв цус, шээсний суурь шинжилгээ хийх багаж төхөөрөмж, дутуу нярай хүүхдийг бойжуулах инкубатортай болсон.Ингэснээр тус сумын 2,200 иргэн сумандаа суурь шинжилгээ өгөх боломжтой болсноос гадна дутуу төрөлтөөс үүдэлтэй нярайн эндэгдлийг бууруулах нөхцөл бүрдлээ. 

ЛГБТ Төв бэлгийн цөөнх иргэдийн эсрэг ялгаварлан гадуурхах явдалтай тэмцэх зорилгоор нөлөөллийн цогц үйл ажиллагаа явуулж байна. 

Ноён Спорт Клуб Улаанбаатар хотын 6 ерөнхий боловсролын сургуульд гар бөмбөг/воллейбол/-ийн клуб ажиллуулж, 120 хүүхдийг хичээллүүллээ. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг клубуудад хамруулсан бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд гар бөмбөгийн хичээл заах, сургах, ажиллах арга барилд 18 дасгалжуулагч багш нарыг сургасан. 

2003 оноос Монгол Улсад хэрэгжиж буй Австралийн бичил төслийн хөтөлбөрийн хүрээнд 100 гаруй байгууллага нийт 138 төсөл хэрэгжүүлжээ.

 


Эх сурвалж: Монгол Улс дахь Австралийн Элчин сайдын яам