Аймгуудын баяр наадмын хугацааг тогтоолоо

Аймаг, орон нутгаас ирсэн хүсэлтийг харгалзан Баян-Өлгий, Говьсүмбэр, Дорнод, Дорноговь аймгийн баяр наадмыг 2019 оны долдугаар сарын 27, 28-нд зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

  • Сэлэнгэ аймгийн баяр наадам долдугаар сарын 4,5-нд,
  • Өмнөговь аймгийнх долдугаар сарын 6, 7-нд,
  • Дундговь, Өвөрхангай аймгийнх долдугаар сарын 8, 9-нд,
  • Төв аймгийнх долдугаар сарын 8-10
  • Баянхонгор, Сүхбаатар, Хөвсгөлийнх долдугаар сарын 9-10
  • Архангай, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Завхан, Орхон, Увс, Ховд, Хэнтийн аймгийн баяр наадам долдугаар сарын 10, 11-нд болно.

Засгийн газрын тогтоолоор хурдан морины бүсийн уралдааны 2019 оны хуваарийг баталж, Төвийн бүсийн зуны уралдааныг Говьсүмбэр аймагт, Хангайн бүсийн уралдааныг Хөвсгөл аймагт, баруун бүсийн уралдааныг Баян-Өлгий аймагт, Зүүн бүсийн уралдааныг Дорнод аймагт, Говийн бүсийн уралдааныг Өмнөговь аймагт долдугаар сарын 27, 28-нд зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Үүнтэй холбогдуулан аймгийн баяр наадмаа бүсийн зуны уралдаантай хамтатгах саналыг Баян-Өлгий, Говьсүмбэр, Дорнод аймгийн удирдлагаас тавьсан байна.   

Товч мэдээ

-Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланг хэлэлцээд “Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. 

-Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Киргиз Улсын Засгийн газар хооронд терроризмтой тэмцэхэд хамтран ажиллах тухай хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэгт олголоо

-Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн төслийг хэлэлцээд УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтлоо.

-Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Тогтвортой аялал жуулчлалыг дэмжих төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрүүдэд гарын үсэг зурах эрхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт олголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.