Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Байнгын хорооны хуралдаанаар Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Засгийн газраас өнгөрсөн оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн талаарх төсөл санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд танилцуулсан юм.

Манай улсын хувьд өргөн нэвтрүүлгийн салбарын үйл ажиллагаатай холбогдох харилцааг Харилцаа холбооны тухай, Радио долгионы тухай зэрэг хуулиудаар зохицуулж байгаа бөгөөд өргөн нэвтрүүлгийн зах зээл өдрөөс өдөрт өргөжиж, өргөн нэвтрүүлгийг зөвхөн телевиз, радио ашиглан хүлээн авахаас гадна гар утас, компьютер болон автомашины хүлээн авагчаар хүлээн авч үзэх боломжтой болж, ашиглах цар хүрээ, тавигдах шаардлага өөрчлөгдөж байна.

Улсын Их Хурлаас 2005 онд Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийг баталсан боловч уг хууль нь зөвхөн Үндэсний олон нийтийн радио, телевизийг үүсгэн байгуулах, үйл ажиллагааны зарчим, эрх зүйн үндсийг тогтоож, хөтөлбөрийн бодлогын зарчмыг тодорхойлоход чиглэгдсэн. Гэтэл өнөөгийн байдлаар улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах эрх бүхий 84 телевиз, радио нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчээс Улаанбаатар хотод 29, орон нутагт 66, кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч Улаанбаатар хотод 77, орон нутагт 8, олон сувгийг дамжуулах үйлчилгээ эрхлэгч буюу кабелийн телевизийн үйлчилгээ эрхлэгч Улаанбаатар хотод 16, хиймэл дагуулаар олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгч Улаанбаатар хотод 1, орон нутагт 50 байна. Эдгээр тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагааг зохицуулах хууль, эрх зүйн орчин дутагдалтай байгаа болон хуулийн төслийн үзэл баримтлалд тусгагдсан хэрэгцээ, шаардлагыг харгалзан Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийг боловсруулсан болохыг төсөл санаачлагч илтгэлдээ дурдлаа.

Хуулийн төсөл нь 8 бүлэг, 33 зүйлтэй бөгөөд төсөлд хуулийн зорилт, өргөн нэвтрүүлгийн тухай хууль тогтоомж, хуулийн үйлчлэх хүрээ, хуулийн нэр томъёоны тодорхойлолт, өргөн нэвтрүүлгийн үйлчилгээнд баримтлах зарчим, өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний төрлийг нарийвчлан тусгаж өгсөн. Мөн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх нийтлэг шаардлага, тусгай зөвшөөрөл олгоход баримтлах зарчим, тусгай зөвшөөрөл олгох, олгохоос татгалзах үндэслэл, хураамж, тусгай зөвшөөрлийн хугацаа, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох болон дуусгавар болох үндэслэл, тусгай зөвшөөрлийг шилжүүлэхийг хориглох зохицуулалтыг тусгасан гэдгийг илтгэгч дурдав.

Түүнчлэн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч болон радио, телевизийн газрын дамжуулах үйлчилгээ эрхлэгчид тавигдах шаардлага, өргөн нэвтрүүлгийн хөтөлбөр, зар сурталчилгаа, архив, олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгчид тавигдах шаардлагууд, өргөн нэвтрүүлгийн үйлчилгээнд хориглох зүйлийг нарийвчлан зааж өгсөн байна. Тухайлбал, өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид нь үнэн бодит, тэнцвэртэй мэдээлэл агуулсан мэдээ, хөтөлбөртэй байх; зохиогчийн эрхийн тухай хууль тогтоомжийг үйл ажиллагаандаа чанд мөрдөж, бусдын бүтээлийг албан ёсны зохиогчийн эрхийн зөвшөөрөлтэй нэвтрүүлж, дамжуулах; гамшгийн аюул болон гэмт хэрэг, осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдээ, нэвтрүүлгийг үнэ төлбөргүй, шуурхай нэвтрүүлэх; хуулиар хориглоогүй боловч хүүхэд, залуучуудын оюун санаа, зан суртахуунд сөргөөр нөлөөлж болохуйц агуулгатай нэвтрүүлэг, баримтат болон уран сайхны киног дамжуулахдаа нэвтрүүлэх цагийн зохицуулалт хийх, эсхүл техникийн бусад арга хэмжээг ашиглах замаар хязгаарлалт тогтоох; нэвтрүүлгийг бэлтгэх, нэвтрүүлэх, дамжуулах техник, тоног төхөөрөмж нь сүлжээний найдвартай ажиллагаа, олон улсын болон үндэсний стандартын шаардлагыг хангасан байх; хөтөлбөр дэх нэвтрүүлгийн үргэлжлэх хугацаа тодорхой байх; дамжуулж байгаа гадаад улсын нэвтрүүлэг нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, эрх ашигт харшлахгүй байх зэрэг шаардлагыг хуулийн төсөлд тусгажээ.  Мөн хуулийн төсөлд төрийн байгууллага, албан хаагч, улс төрийн нам, эвслийн удирдах болон гүйцэтгэх ажилтан, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч мэдээ, нэвтрүүлгийг ивээн тэтгэхийг хориглохоор зохицуулсан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх эрх зүйн үндэс тодорхой болж, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, хараат бус, бие даасан радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн зах зээлийн шударга өрсөлдөөний нөхцөл бүрдэнэ; өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх нөхцөл, журам хуульчлагдаж, хөрөнгө оруулах эрх зүйн таатай орчин бүрдэнэ. Мөн  өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид тавих шаардлага тодорхой болж, радио, телевизийн зар сурталчилгаа, тэр дундаа нийгэмд тустай зар сурталчилгаа явуулах эрх зүйн зохицуулалт боловсронгуй болно; сэтгүүлч болон редакцийн зөвлөлийг улс төрөөс хараат бус, бие даан ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр тодорхой ахиц гарна. Өргөн нэвтрүүлгийн зах зээл дээр хэт төвлөрөл үүсэхээс сэргийлэх журам тодорхой болж, өргөн нэвтрүүлгийн салбарын мэдээллийн ил тод байдлыг хангах боломж нэмэгдэж, үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагч, удирдлагын багтай холбогдох мэдээлэл олон нийтэд ил тод болно гэж үзэж буйгаа төсөл санаачлагч онцоллоо.

Уг хуулийн төсөлтэй холбогдуулан Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зар сурталчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай зэрэг хуулийн төслүүдийг боловсруулжээ.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат, О.Содбилэг нар Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, О.Баасанхүү, Я.Содбаатар, Д.Лүндээжанцан нар үг хэлж хуулийг төслийг дэмжиж байгаа, гэхдээ хэлэлцэх эсэх нь дэмжигдвэл Байнгын хорооноос ажлын хэсэг байгуулж тал талын төлөөллийг оролцуулан нухацтай хэлэлцэх шаардлагатай, мөн монгол контентыг дэмжих, хэрэглэгчдэд дарамт учруулахгүйгээр асуудлыг зохицуулж шийдэхэд анхаарах, тэрчлэн хуулийн төслийн нэр томьёо, бичиглэл, гадаад үг хэллэгийг эргэж харах шаардлагатайг хэлж байв. Ингээд хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалгахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжив