Улсын хэмжээнд өчигдрийн /2019.06.04/ байдлаар 322.6 мянган га-д үр тариа, 11.6 мянган га-д төмс, 4.3 мянган га-д хүнсний ногоо, 15.7 мянган га-д малын тэжээлийн, 36.3 мянган га-д тосны ургамал, нийтдээ 390.6 мянган га-д тариалалт хийжээ. Одоогоор үр тарианы тариалалтын явц 82.5 хувьтай, төмс 84.1 хувь, хүнсний ногоо 47.2 хувьтай явагдаж байгаа аж.
Энэ онд улсын хэмжээгээр 387 мянган га-д үр тариа, үүнээс 368 мянган га-д улаанбуудай, 32 мянган га-д малын тэжээл, 29 мянган га-д тосны ургамал, 13.8 мянган га-д төмс, 8.9 мянган га-д хүнсний ногоо,7.3 мянган га-д жимс, жимсгэнэ, нийтдээ 478 мянган га-д тариалалт хийх юм байна.
Хаврын тариалалтад зориулан 242 аж ахуйн нэгж, иргэнд 10.3 мянган тонн үрийн буудайг 30 хувийн, 383 аж ахуйн нэгж, иргэнд 1.57 мянган тонн шатахууныг 50 хувийн урьдчилгаатай зээлээр олгожээ. Мөн хаврын тариалалтад зүтгэх хүчний трактор 3,130, үр тарианы үрлүүр 2,201, хөрс боловсруулах техник 5,740, төмс, хүнсний ногооны үрлүүр 570 ажиллах бөгөөд тариалалтын ажлыг 14-21 хоногт багтаан гүйцэтгэх боломжтой.
Үр тариа, тос, тэжээлийн таримлын тариалалтыг 14 аймгийн 1,560 гаруй аж ахуйн нэгж иргэн, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний тариалалтыг 490 гаруй аж ахуйн нэгж, хоршоо, 35 мянган өрхийн хэмжээнд тариалахаар бэлтгэлээ хангаж, хангайн болон төвийн бүсэд тавдугаар сарын 8-наас, бусад бүсүүдэд тавдугаар сарын 12-ноос хаврын тариалалтын ажил эхэлсэн байна.
Эх сурвалж: ХХААХҮЯам