Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр Бүгд Найрамдах Польш улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшыштоф Збигниев Бойког хүлээн авч уулзан, хоёр улсын харилцаа хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Уулзалтын эхэнд Элчин сайд Кшыштоф Збигниев Бойко “Хотын захирагчид хүлээн авч уулзаж байгаад нь талархсанаа илэрхийлээд, Польш, Монгол Улс хоорондын харилцаа хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэх, тэр дундаа эдийн засаг, гадаад харилцаа болон бусад бүхий л салбарт хамтарч ажиллана” гэдгээ хэлсэн юм. Мөн энэ оны долдугаар сарын 9-13-ны өдрүүдэд Польш улсын Гадаад хэргийн дэд сайд Мачиэй Ланг Монгол Улсад хийх албан ёсны айлчлалыг зохион байгуулах, тус улсын Засгийн газрын нөхцөлт зээлийн хүрээнд олгож байгаа 15 ширхэг галын машиныг Монгол Улсын Засгийн газарт хүлээлгэн өгөх үйл ажиллагааны зарим зохион байгуулалтад хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа хэлээд энэ үеэр Гадаад хэргийн дэд сайд, хотын Захирагчтай албан ёсны уулзалт хийх хүсэлтэй байгаа гэдгийг уламжлав.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Юуны өмнө тавдугаар сарын 28-ны өдөр албан ёсоор Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсанд тань талархал илэрхийлье. Манай хоёр улс олон жилийн найрамдалт харилцаатай явж ирсэн. Польш улсын Гадаад хэргийн дэд сайд Мачиэй Ланг Монгол Улсад айлчлах гэж байгааг дуулахад таатай байна. Сайдын айлчлалын хүрээнд хийгдэх, бэлтгэл ажлуудад нийслэлийн зүгээс шаардагдах бүх зүйлд тусалж, дэмжин хамтарч ажиллана. Мөн айлчлах үед миний бие цаг зав гарган уулзах болно. Таныг элчин сайдаар ажиллах хугацаанд манай хоёр улсын харилцаа хамтын ажиллагаа илүү өндөр түвшинд гарна гэдэгт итгэлтэй байна” хэмээлээ.
Уулзалтын төгсгөлд Хотын захирагч С.Амарсайхан, Элчин сайд Кшыштоф Збигниев Бойко нар Польш, Монгол Улс хоорондын эдийн засаг, худалдаа гээд бүхий л салбарт харилцаа хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэхээр санал нэгдсэн юм.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс