Дэлхийн шилдэг сургуулиудад тэнцэн суралцахаар болсон сурагчидтай уулзаж амжилт хүслээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр дэлхийн шилдэг сургуулиудад тэнцэн суралцахаар болсон сурагч, хүүхдүүдийн төлөөлөлтэй уулзан баяр хүргэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзсан хүүхдүүд нь Харвардын их сургууль, Колумбын их сургууль, Станфордын их сургууль, Массачусеттын технологийн институт зэрэг дэлхийн шилдэг боловсрол олгодог сургуульд тэнцэн суралцах гэж байгаа юм. Жишээ нь, дэлхийн шилдэг их сургуулиудын жагсаалтыг тэргүүлдэг Массачусеттын технологийн институтэд 100 хувийн тэтгэлгээр суралцахаар болсон Хөвсгөл аймгийн Галт сумын сурагч С.Сумьяажав комьпютерын шинжлэх ухааны чиглэлийг сонгон суралцахаар болжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга сурагчдад амжилт хүсээд тэтгэлэг бол хариуцлага, зорилго гэдгийг тодотгоод, улсынхаа нэрийг өндөрт өргөх, эрдэм мэдлэгээрээ эх орныхоо ирээдүйн хөгжилд хувь нэмэр оруулахыг хүсэж, сурагчдад амжилт хүслээ.