Тариалалт оройтож байна

Энэ сарын 27-ны байдлаар үр тарианы тариалалт 60%, төмс 58%, хүнсний ногооны тариалалт 30%-тай байгаа бөгөөд цаг агаарын байдал, хөрсний чийг, үрийн хангамж зэргээс шалтгаалан тариалалт оройтож байгаа аж.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас хаврын тариалалтын явцад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийлээ. Хяналт шалгалтад улсын нөөцийн салбар, ангиуд болон Тариалан эрхлэлтийг дэмжих санд 2018 оны ургацаас хүлээн авсан үрийн болон хүнсний улаан буудай, мөн импортоор орж ирсэн үрийн улаан буудай нь 100% шинжилгээнд хамрагдав.

Энэ оны тариалалтад улсын хэмжээнд 33589 тонн үр нөөцөлснөөс хяналт шалгалтаар 23534.7 тонн буюу 70.0% нь шинжилгээнд хамрагдсан. Шинжилгээнд хамрагдсан нийт улаан буудайн үрийн 30% буюу 7060 тонн үр нэг кг дахь хог ургамал буюу цэвэршилтээрээ тэнцээгүй байна.

Үрийн хангамжийн байдлаас шалтгаалан энэ жил улаан буудайн тариалалт төлөвлөсөнөөс багасч, бусад таримлууд таригдах нөхцөл бүрдсэн байж болзошгүй аж.