Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2019 оны А-119 дүгээр тушаалаар “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах журам” баталсантай холбогдуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай хамтран 2019 оны 05 дугаар сарын 22-ноос 26-ны хооронд 21 аймгийг бүсчилсэн Ховд, Өвөрхангай, Дархан-Уул, Хэнтий аймгуудад сургалт зохион байгууллаа.
Сургалтад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, 21 аймгийн төсөл сонгон шалгаруулах дэд хорооны гишүүд болон аймгийн Засаг даргын тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга болон мэргэжилтэн нийт 190 гаруй албан хаагч оролцлоо.
Уг сургалтын үеэр журамд шинээр орсон өөрчлөлтүүд болон зээлийн ерөнхий нөхцөл, тэргүүлэх салбар, чиглэл болон дэд хорооны гишүүдийн эрх үүрэг, асуудлуудын талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн холбогдох албаны хүмүүс мэдээлэл хийж, цаашид анхаарах асуудлын талаар танилцуулж харилцан санал солилцлоо.
Түүнчлэн сургалтад оролцогчдын зүгээс орон нутгийн санхүүжилтийг нэмэгдүүлэх, арилжааны банкны хүү, шимтгэлийг бууруулах, барьцаа хөрөнгийн үнэлгээг сайжруулах зэрэг холбогдох арга хэмжээ авах, жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан байгууллага, нэгжийн орон тоог нэмэгдүүлэх зэрэг санал, хүсэлтийг ирүүлсэн байна.
Эх сурвалж: ХХААХҮЯ