Чанарын баталгаажуулалтгүй эмнэлгийн хэрэгсэл нийлүүлсэн зөрчил илэрлээ

Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газарт байгууллагын ирүүлсэн гомдол болон Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 02-01/77 тоот “Эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх тухай” төлөвлөгөөт хяналт шалгалтын удирдамжийн хүрээнд эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх 2 байгууллагын үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар Вим Мед ХХК-ийн эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага нь эрх бүхий байгууллагаас олгогдох импортын лицензгүйгээр Before овуляцийн тестийг оруулж ирэн зах зээлд гаргасан, Чоногол трейд ХХК-ийн эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж ханган нийлүүлэх байгууллага нь анхдагч болон хоёрдогч савлагаан дээр үйлдвэрлэгчийн нэр бичигдээгүй, дагалдах анализ сертификат болон савлагаан дээрх үйлдвэрлэгчийн нэр зөрүүтэй, чанарын баталгаажуулалтгүй үзлэгийн бээлийг Нийслэлийн түргэн тусламжийн төвд тендерийн гэрээгээр нийлүүлсэн зөрчил илэрсний дагуу Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 2 дах, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтуудыг үндэслэн шийтгэлийн арга хэмжээ авч, 2370740 төгрөгийн хууль бус орлого нөхөн төлүүлэн 1 нэрийн 165 ширхэг 825000 төгрөгийн зөрчилтэй бүтээгдэхүүнийг улсын байцаагчийн актаар хураан, устгуулахаар шилжүүлж ажиллалаа.

Импортын лиценз оруулан худалдаанд гаргасан Before овуляцийн тест

 Анхдагч болон хоёрдогч савлагаан дээр үйлдвэрлэгчийн нэр бичигдээгүй, дагалдах анализ сертификат болон савлагаан дээрх үйлдвэрлэгчийн нэр зөрүүтэй, чанарын баталгаажуулалтгүй үзлэгийн бээлий

Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газар