Хүүхдийн баярын төв талбайн тоглолтыг Монгол Улсын Хүүхэлдэйн театр хариуцан ажиллаж байна

“Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай” нийслэлийн Засаг даргын 2019 оны тавдугаар сарын 3-ны өдрийн А/409 дугаар захирамжийн дагуу ажлын хэсгийн хоёр дахь удаагийн хурлыг тавдугаар сарын 22-ний өдөр Хангарди ордонд зохион байгууллаа.

Хурлыг ажлын хэсгийн ахлагч нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа удирдан явуулж, ажлын хэсгийн нарийн бичиг нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн болон холбогдох гишүүд үйл ажиллагааны бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийж санал хүсэлтээ нэгтгэлээ. Энэ жилийн төв талбайн баярын тоглолтыг Монгол Улсын Хүүхэлдэйн театрын хамт олон хариуцан ажиллаж байгаа бөгөөд ерөнхий найруулагчаар тус театрын ерөнхий найруулагч МУСТА М.Ариунтуяа ажиллаж байна.

Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг нийслэлийн хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэх нэгдсэн хөтөлбөрийг энэ сарын 24-ний өдөр нийтэд мэдээлнэ гэж нийслэлийн Соёл, урлагийн газраас мэдээллээ.