Төрийн үйлчилгээ операторын горимд шилжинэ

Засгийн газрын 23 дугаар тогтоолоор 2019 оныг "Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил" болгон зарласантай холбогдуулан харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах үүрэг бүхий Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Цахим бодлогын түр хорооны дарга Н.Учрал нараар ахлуулсан ажлын хэсгийн 2-р хурал 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт боллоо.

Нийслэлийн Мэдээлэл, технологийн газар нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн 5-20, 5-21, 5-22 дахь зорилтын хүрээнд хэрэгжүүлж, хэрэглээнд нэвтрүүлсэн Нийслэлийн цахим үйлчилгээний нэгдсэн eservice.ulaanbaatar.mn  порталыг танилцууллаа.

Тус порталаар нийслэлийн 5 байгууллагын 47 үйлчилгээг цахим хэлбэрээр хүлээн авч, үзүүлж байгаагаас гадна өргөдөл гомдол хүлээн авах, үйлчилгээний төлбөрийг цахимаар төлөх, үйлчилгээний шийдвэрлэлтийн явцад хяналт тавих боломжтой бөгөөд Төрийн мэдээлэл солилцооны ХУР систем, Үндэсний танилт нэвтрэлтийн ДАН систем, Үндэсний цахим төлбөрийн систем, Татварын удирдлагын нэгдсэн систем зэрэг төрийн байгууллагуудын системүүдтэй холбогдон ажилладаг нийслэлийн суурь платформоор 10584 иргэн үйлчилгээ авсан байна.

Монгол Улсын Засгийн газрын “Төрийн үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тухай” 2019 оны 149 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд төрийн байгууллагуудын мэдээлэл солилцоог сайжруулах Төрийн үйлчилгээг операторын тогтолцоонд шилжүүлэхэд шаардлагатай хэд хэдэн зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахаар тус ажлын хэсгийн хурлаар шийдвэрлэлээ.

Ингэснээр Төр өөрт байгаа мэдээллээ иргэдээсээ нэхэх байдал бүрэн арилах ач холбогдолтой юм  гэж нийслэлийн Мэдээлэл, технологийн газраас мэдээллээ.