Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун талын 23 га газрыг дахин төлөвлөж, бүтээн байгуулалт өрнүүлнэ

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун хойд талын 23 га газарт ногоон байгууламж, дугуйн зам бүхий шинэ бүтээн байгуулалт эхлүүлэх  төлөвлөгөө ямар шатандаа яваа талаар албаныхантай ярилцаж, саналаа нэгтгэлээ. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд амралтын өдрүүдээр маш олон иргэд, үйлчлүүлэгч очдог тул автомашины зогсоол хүрэлцдэггүй учраас нэмэлт зогсоол байгуулах асуудал хөндөгддөг. Тиймээс баруун хойд талынх нь 23 га газар дээр хийгдэх шинэ бүтээн байгуулалтын зураг төсөлд 300 гаруй автомашины зогсоол, дугуйн зам, ногоон байгууламжтай байхаар тусгажээ. Гэвч өмнө нь нийслэлийн Засаг даргын захирамжаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун хойд талын 23 га газрыг “Сарангэрэл сан” ТББ тохижуулах төлөвлөлтийн даалгавар гаргуулж, ОХУ-аас мод авчирч тарин, ногоон байгууламж байгуулж эхэлсэн байсан тул гомдол гаргасан байна. “Нэгэнт ногоон байгууламж, тохижуулалт хийхээр зөвшөөрөл авсан байсан бол тэрхүү зориулалтынх нь дагуу хувийн хэвшлийн аж ахуйн нэгжтэй зохицоод, бүтээн байгуулалтын зураг төслөө уялдуулан хамтатгаж  гаргаад, ажлаа даруй эхлэх хэрэгтэй” хэмээн хотын Захирагч хэлсэн. Ийнхүү ногоон байгууламжтай холбоотойгоор дэвсгэр зураг шинээр гаргах, авто зам болон машины зогсоолоо өөр газарт шилжүүлэн төлөвлөх, эсэх гээд зураг төсөлд өөрчлөлт хийх гэх мэт шийдлээ ирэх долоо хоногт эцэслээд оруулж ирэхийг Зураг төслийн хүрээлэн, нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт даалгалаа.

Түүнчлэн Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг даган хөгжих шинэ хотын ерөнхий төлөвлөгөөний талаар холбогдох газруудтай  хэлэлцэж, Яармагийн шинэ төлөвлөлтөд ямар асуудал тулгамдаж байгааг, бүтээн байгуулалтыг хэрхэн урагшлуулах тухай ярилцав. Хотын Захирагч С.Амарсайхан “Улаанбаатар хотын жишиг төлөвлөлт ямар байхыг Яармагийн шинэ бүтээн байгуулалтаар үлгэрлэн харуулах болно. Тиймээс салбарын яамдтай хамтраад шийдэх шаардлагатай асуудлаа яаралтай шийдээд, ажлаа явуулах хэрэгтэй. Яамнаас олгосон газар гээд хотын ерөнхий төлөвлөлттэй уялдахгүй байж таарахгүй. Ирэх долоо хоногт хотын удирдлагууд Яармагт ажиллаж, газар дээр нь нөхцөл байдалтай танилцана. Хот төлөвлөлтийн бодлогыг зөрчөөд байвал тусгай зөвшөөрөлтэй нь ярина” гэлээ. 

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс