Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар, Зураг төслийн хүрээлэн зэрэг холбогдох албаныхантай уулзаж, бүтээн байгуулалтын ажлуудыг түргэвчлэх талаар үүрэг чиглэл өглөө.
Нийслэлчүүдэд чөлөөтэй амарч зугаалах гудамж талбай гаргаж өгөхийн зэрэгцээ гүйх, алхах, дугуй унах, сагс, хөлбөмбөг тоглох гээд чөлөөт цагаа спортоор хичээллэж өнгөрүүлэх боломж нөхцөлөөр хангахын тулд таван байршилд цэцэрлэгт хүрээлэн, спорт талбай байгуулах зураг төсөл батлагдаад буй.
Эхнийх нь ХХЕГ-ын баруун талд 1.8 га талбайд бүтээн байгуулалт өрнөхөд бэлэн болоод байгаа бол хоёр дахь нь болох РНЦК буюу Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн хажууд 2.4 га талбайг чөлөөлж, цэцэрлэгт хүрээлэн, спорт талбай байгуулах зураг төслийг эцэслэж, ажлаа даруй эхлүүлэх үүрэг өгөв. Улаанбаатар хотын есөн дүүрэгт байгуулах хөлбөмбөгийн талбайн зураг төсөл, төлөвлөлтийн тухай мөн энэ үеэр эцэслэн хэлэлцэж, ажлыг түргэвчлэхээр боллоо.