Улаанбаатар хотын музейн нээлттэй өдөр энэ сарын 18-нд болно

“Улаанбаатар музей төсөл”-ийг санаачлагчид нээлттэй өдөр арга хэмжээний хүрээнд төслийн зорилго, үйл ажиллагааг танилцуулангаа музейн хамт олонтой хамтран сонирхолтой хэлбэрээр боловсролын хөтөлбөрүүд, уран бүтээлчдийн үзүүлбэрүүд, хөгжмийн шоу зохион байгуулхаар төлөвлөжээ. Мөн Монгол-Америк хүүхдүүдийн зургийн хэцний үзэсгэлэнг үзэж, зургийн агуулга, өгүүлэмж, зурсан арга барил, зохиомж, дүрслэл зэргийг боловсролын ажлаар хийсэн бүтээлтэйгээ харьцуулан үзэх боломжтой.

“Би хотын иргэн” боловсролын ажлын талаар: Улаанбаатар хотын музейгээс 2020 он хүртэл хэрэгжүүлэх “Би хотын иргэн” боловсролын ажлын хөтөлбөрийг 2014 онд боловсруулж, одоогийн байдлаар 26 ерөнхий боловсролын сургуулийн 3100 гаруй хүүхдийг хамруулаад байна. 

Боловсролын ажлын гол зорилго нь: Хүүхдүүдэд Улаанбаатар хотын түүх, соёлын талаарх мэдлэг, мэдээллийг танин мэдэхүйн сонирхолтой, хөгжөөнт байдлаар олгох. Үүнд: 

  1. Улаанбаатар хотын түүх 
  2. Соёл 
  3. Бүтээн байгуулалт 
  4. Бусад гэсэн үндсэн дөрвөн хэсгээс бүрддэг.

Олон Улсын музейн өдрийн зохион байгуулалт: “Улаанбаатар хотын музейн нээлттэй өдөр” арга хэмжээний нэг хэсэг болсон “Би хотын иргэн” боловсролын ажлыг хүүхэд багачууд, оюутан залуус, гэр бүл, нээлттэй гэсэн дөрвөн чиглэлээр тусгай хөтөлбөрийн дагуу зохион байгуулна. Боловсролын ажилд хэрэглэгдэх бүх материалуудыг музейгээс урьдчилан бэлтгэсэн байх учраас Та өөрийн хүүхэд, гэр бүлээ дагуулан ирж, Улаанбаатар хотын тухай өөрсдийн төсөөллөө бүтээл болгон хувиргаарай.

Хамтран ажиллах: Зориг Сангийн "Залуу манлайлал" хөтөлбөрийн залуус "Улаанбаатар музей төсөл"-ийг санаачлан хэрэгжүүлж байгаа бөгөөд залуу манлайлагчид төслийнхөө хүрээнд музейн засварын санхүүжилтийг босгох ажил хийхийн сацуу олон нийтэд хотынхоо музейг, түүх соёлыг таниулахаар ажиллаж байна. 

"Улаанбаатар музей төсөл”-ийн зүгээс төрөлх хотынхоо музейг засч шинэчлэх ажилд та бүхнийг нэгдэхийг уриалж байгааг хүлээн авна уу. Бусад мэдээллийг доорх газруудаас аваарай.

  • Улаанбаатар музей төсөл
  • Улаанбаатар хотын музейн нээлттэй өдөр
  • Сайн байна уу, Улаанбаатар минь
  • www.ubmuseum.mn
  • Zorig foundation

Нээлттэй өдөр болох байршил: Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө-37, Бөхийн өргөөний зүүн хойд талд, Улаанбаатар хотын музейн байранд.