Сүхбаатарын талбайн урд хэсгийг тохижуулах 30 сая төгрөгийн шагналтай уралдаан зарлалаа

Жанжин Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га газарт тохижилтын ажлын зураг төсөл боловсруулах төслийн уралдаан зохион байгуулах тухай нийслэлийн Засаг даргын А/439 дүгээр захирамж гарлаа. Нийслэлийн төв талбайн урд хэсгийн тохижилтыг мэргэжлийн байгууллага, олон нийтийн оролцоотой шинэчлэх шинэ санаа, шилдэг шийдлийг тодорхойлж, бүтээн байгуулалт хийх зорилгоор 30 сая төгрөгийн шагналын сантай уралдаан зарлаж байна. Уралдаанд зураг төслийн мэргэжлийн байгууллагууд, хувь уран бүтээлчид, мэргэжлийн ангийн оюутнууд оролцох боломжтой. Тавдугаар сарын 15-наас 29 хүртэл буюу 14 хоногийн хугацаатай зарлагдаж буй уралдаанд оролцох хүсэлтэй уран бүтээлчид, аж ахуйн нэгжүүд бүтээлээ нийслэлийн төр, захиргааны байр “Хангарьд” ордны 13 давхарт авчирч өгөх юм.

Энэхүү уралдааны архитектур, орон зайн төлөвлөлтөд тавигдах гол шаардлага нь үндэсний онцлог, түүх, хэв шинжийг тусгасан байдал, байгаль орчинд ээлтэй, орчин үеийн технологийн шинэлэг шийдэлтэй байх гэх мэт шалгуур үзүүлэлтүүдийг хангасан байх шаардлагатай аж. Шалгарсан бүтээлийн зохиогчийн эрх нь нийслэлийн ЗДТГ-т үлдэх бөгөөд шилдэг санаа, шийдэл гаргасан оролцогч тохижилтын зураг төсөл боловсруулах ажилд давуу эрхтэй оролцох юм байна.