“Энэтхэг-Монголын газрын тос, хийн үзэсгэлэн”-г анх удаа зохион байгуулж байна

“Энэтхэг-Монголын газрын тос, хийн үзэсгэлэн”-г 2019 оны 5 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулж байна. Үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нар оролцов. 
Энэ удаагийн үзэсгэлэнд БНЭУ-ын “Тата” групп, “Афконс Лимитед”, “ISGEC Индастри”, “Инженерс Индиа Лимитед” зэрэг тэргүүлэх техник, технологи бүхий тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, зөвлөх үйлчилгээ, барилга угсралтын салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн 30 гаруй томоохон компани оролцож буй юм.
БНЭУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийг эхлүүлсэн бөгөөд тус үйлдвэрийн шавыг 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр тавьсан билээ.
Монгол Улсын Засгийн газраас газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийг амжилттай хэрэгжүүлэх, төслийн явцыг эрчимжүүлэх үүднээс үйлдвэр барихад шаардлагатай дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг 2018 онд эхлүүлж, одоогоор ажлын явц 90 гаруй хувьтай байна.

Газрын тос боловсруулах үйлдвэр нь Монгол Улсын нийгэм, эдийн засагт чухал ач холбогдолтой төдийгүй олон жилийн турш хүлээлт үүсгээд байгаа юм. Энэхүү төслийг Энэтхэг Улсын Засгийн газар, ЭКСИМ Банк, төсөл хэрэгжүүлэгч “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК, “Инженерс Индиа Лимитед” болон бусад байгууллагууд хамтран ажиллаж байгаа юм.
Монгол Улсын Засгийн газраас газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын шатанд ажиллах ажилтнууд болон цаашид үйлдвэрт ажиллах инженер, техникийн ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ажиллах таатай нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 550 айлын орон сууцны хотхоныг Дорноговь аймгийн Сайншанд суманд байгуулахаар шийдвэрлэсэн. Хотхоны бүтээн байгуулалтын ажлыг энэ оны 2 дугаар улиралд багтаан эхлүүлэхээр төлөвлөөд байна.