“Монголын бүтээгдэхүүн Европын холбооны зах зээлд гарах боломж” сэдэвт уулзалт боллоо

“Глоб  интернэшнл” төвөөс хэрэгжүүлж буй “GSP+ механизмаар дамжуулж хүний эрх, хөдөлмөрлөх эрхийг хөхиүлэн дэмжих нь” төслийн хүрээнд “Монголын бүтээгдэхүүн Европын холбооны зах зээлд гарах боломж” сэдэвт захиргааны танхимын уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгууллаа.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Хүний эрхийн үндэсний комисс, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дэмжлэгтэйгээр зохион байгуулсан уг уулзалтаар дотоодын бизнес эрхлэгчдэд Европын зах зээлд бүтээгдэхүүнээ хэрхэн экспортлох,  эдийн засгийн үр өгөөжийн талаар мэдээлэл зөвлөгөө өгөв.

Тус уулзалтыг нийслэлийн Инновац технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат, Монгол Улс дахь Европын Холбооны төлөөлөгчийн газрын Элчин зөвлөх Марко Ферри, МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн нар нээж үг хэллээ. Нийслэлийн Инновац технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат “Монгол Улсын хүн амын тал хувь нь оршин суудаг Улаанбаатар хотод бизнес эрхлэгчдийн 66 хувь буюу 57.967 аж ахуйн нэгж идэвхтэй үйл ажиллагаа эрхэлж, дотоодын нийт бүтээгдэхүүний 70 гаруй хувийг үйлдвэрлэж байгаа нь бидэнд маш их боломж бий гэдгийг, мөн манай орны хөгжлийн гол хүч энд төвлөрч буйг эндээс харж болно. Үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчид гадаадын улс орнуудад бараа бүтээгдэхүүнээ экспортлоход олон асуудал тулгардаг ч үүний зэрэгцээ олон боломж бас байдгийг тэр бүр мэддэггүй, ярьдаггүй. Тиймээс төр засаг, нийслэлийн удирдлагууд хувийн хэвшлийн бизнесийг дэмжих, тэдэнд илүү боломж олгох, төрөөс үзүүлэх дарамт шахалтыг багасгах, бизнес эрхлэх хууль эрх зүйн таатай орчин бий болгохын төлөө энэхүү уулзалтыг хийж байгаагаараа онцлогтой” хэмээн ярилаа.

Европын Холбооны санхжүүжилтын хүрээнд “Democrce Reporting Internatsional“ байгууллагын захиалгаар хэрэгжиж буй “GPS+механизмаар дамжуулж хүний эрх, хөдөлмөрлөх эрхийг хөхиүлэн дэмжих нь” төсөл суурь хүний эрхүүдийг хэрэгжүүлэхийн тулд нөлөөллийн үйл ажиллагаа болон мэдлэг ойлголтыг дээшлүүлэх чиглэлээр ажиллаж буй иргэний нийгмийн байгууллагуудыг дэмжих зорилготой ажээ. Одоогоор тус төсөл нь Армен, Боливи, Кабо Верде, Киргиз, Монгол, Пакистан, Парагвай, Филиппин, Шри Ланка гэсэн Европын холбооны  Хөнгөлөлтийн ерөнхий системийн хүрээнд эдийн засгийн урамшуулал хүртэж байгаа есөн улсад хэрэгжиж байгаа юм байна.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс