Хотын Захирагчаар ахлуулсан нийслэлийн удирдлагын баг Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс Улаанбаатар хот руу түүхий нүүрс оруулахгүй байх хяналтын цэгийн үйл ажиллагаа, төлөвлөгөөтэй танилцав.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун “Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хот руу түүхий нүүрс оруулж ирэх 16 хулгайн зам байна. Эмээлт, Баруун туруун, Өлзийт гэсэн гурван байршилд албан ёсны товчоо ажиллаж байна. Таван толгойн товчоо нь элдэв гоц халдварт өвчин гарсан үед ажилладаг. Бид цагдаагийн байгууллагатай хамтраад Тахилт, Гүнт, Налайх, Морингийн даваан дээр пост ажиллуулна. Энэ дөрвөн товчоог ажиллуулах зардал шийдэгдсэн. Үлдсэн газруудад дахин төлөвлөлт хийх шаардлага тулгарч байгаа. Тахилт, Ар гүнт зэрэг дээр цахилгаан, усны асуудал хүндрэлтэй байгаа. Үүнийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй. Хулгайн гэх 16 замыг хянаж байхын тулд явуулын постыг ажиллуулах зайлшгүй шаардлагатай” гэдгийг хотын удирдлагуудад хэллээ.
“Улаанбаатар хотын хэмжээнд түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавих хүмүүсийг айл өрх бүрээр оруулж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг хангуулж ажиллах хэрэгтэй. Түүхий нүүрс нөөцөлсөн айлууд байна уу үгүй юу гэдгийг нэг бүрчлэн шалгах ёстой. Хэрэв нөөцөлсөн байвал хэрэглүүлэхгүй байх талаас нь арга хэмжээг зохион байгуул. Шинээр нээх хяналтын байрны тог, ус, камержуулалтын асуудалыг шийдвэрлэх хөрөнгө мөнгөний тооцоо судалгааг гаргаад маргааш танилцуул. Хулгайн замууд дээр явуулын постууд ажиллуул. Заавал худалдаж авалгүйгээр, эхний жилдээ түрээслэх хэлбэрээр шийдэх хэрэгтэй. Нэгдсэн сүлжээнд холбогдох, техникийн шаардлага хангах камеруудыг сонгож суурилуулах ёстой. Хотын зүгээс шаардлагатай төсөв хөрөнгийг шийднэ” хэмээн хотын Захирагч С.Амарсайхан хэллээ.