"Таван толгойн түлш" ХХК-ийн үйлдэрлэж буй сайжруулсан шахмал түлшийг нийслэлд 107 цэгт борлуулах бөгөөд одоо түүхий нүүрсний худалдаа эрхэлж байгаа иргэд, ААН-үүдтэй хамтран ажиллахаар төлөвлөөд байгаа юм. Хотын Захирагчаар ахлуулсан нийслэлийн удирдлагууд өнөөдөр сайжруулсан шахмал түлш борлуулах эхний цэгийг Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд нээлээ.
Энэ хороонд 6600 гаруй өрх амьдардаг байна. Эдгээр өрхүүд энэ цэгээс түлшээ худалдан авах боломжтой болж байгаа юм. Цэгийг цаашдаа нийслэлийн гэр хорооллын 107 байршилд нээнэ. Цэг бүрээс түлшний борлуулалт, нийлүүлэлтийн талаар өдөр тутам Засгийн газар болон бусад эрх бүхий байгууллагуудад мэдээ тайлан хүргэх мэдээлэл, бүртгэлийн цэг ажиллах юм байна.
"Таван толгойн түлш" ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар “Таван толгойн түлш ХХК-ийн үйлдвэрлэл жигд явагдаж байна. Үйлдвэрлэлээс гадна худалдан борлуулах цэгүүд дээр анхаарч байна. Өнөөдөр бид сайжруулсан шахмал түлш борлуулах эхний жишиг цэгийг ашиглалтад орууллаа. Цаашдаа 107 байршилд ийм жишиг цэгийг нээнэ. Улаанбаатар хотод нүүрс худалддаг 503 иргэн, ААН байдаг. Бид эдгээр иргэд, ААН-үүд болон 107 жишиг борлуулалтын цэгээр дамжуулан сайжруулсан шахмал түлшийг борлуулан иргэдэд хүргэнэ. Жишиг цэгүүд дээр 100 мянган тонн орчим түлшийг нөөцөлж, худалдаална” хэмээлээ.