БСШУСЯ дэргэдэх Монгол судлалын үндэсний зөвлөл хуралдаж, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг даргаллаа. Хурлаар 2018 оны үйл ажиллагааны тайлан, 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн батлав.
Монгол судлалын үйл ажиллагааг дэмжих хүрээнд Гадаад дахь монгол судлалын төвүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлэхээр тусгасан. Мөн цар хүрээ, хөндөх асуудал, оролцоог харгалзан гурван төрлийн эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Тухайлбал, Монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэх, залуу судлаачдыг татах зорилгоор энэ онд анх удаа Олон улсын залуу монголч эрдэмтдийн эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулахаар боллоо.
Монгол судлалын бааз суурийг бэхжүүлэх чиглэлээр 10 ажил төлөвлөсний дотор Олон улсын монгол судлалын холбооны үйл ажиллагааг дэмжих асуудал багтсан байна. Олон улсын монгол судлалын холбооны үйл ажиллагаа ямар нэг санхүүжилтгүй, зөвхөн гишүүдийн татвараар явж байгаа нь хангалтгүй гэж үзэн дэмжихээр шийдлээ.
Мөн монгол судлалыг сонирхон суралцагч оюутан, залуусын сурах идэвх урмыг сэргээж, монгол ахуй соёлын орчинтой танилцуулах зорилгоор зуны сургуулийг зохион байгуулах ажлыг төлөвлөжээ.
Эх сурвалж: БСШУСЯ