133 дугаар сургуулийн сурагчдын эцэг, эхийн төлөөллийг хүлээн авч уулзлаа

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 133 дугаар сургуулийн сурагчдын эцэг, эхийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир, Нийслэлийн боловсролын газрын дарга Ж.Гантулга болон бусад албаны хүмүүс байлцлаа. Эцэг эхийн төлөөлөл хоёр шаардлага тавьж буйгаа энэ үеэр уламжиллаа.

Нэгдүгээрт Монгол тэмүүлэл, 133 дугаар дунд сургууль нэг байранд байрлах боломжгүй учраас барилга байгууламжийн асуудлыг шийдвэрлэж салгах, хоёрдугаарт 133 дугаар сургуулиас гадна тус хорооны нутаг дэвсгэрт дахин шинэ сургууль, цэцэрлэг барих асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсье гэлээ.

Тэдний тавьсан хүсэлтэд БСШУС-ын сайд хариу тайлбар мэдээлэл өгсөн юм. Тэрээр “Засгийн газрын 2019 оны үйл ажиллагааны хөтөлбөрт ирэх хичээлийн жил эхлэхэд гурван ээлжээр хичээллэж байгаа сургуулийн асуудлыг бүрэн шийдвэрлэсэн байх зорилт тавьсан. Энэ зорилтын хүрээнд боловсролын салбарын хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэхэд яамнаас онцгой анхаарч байгаа. 133 дугаар сургууль, Монгол тэмүүлэл сургуулийн хувьд нэг байранд байх нь хүндрэлтэй гэдэгтэй санал нэг байна. Улаанбаатар хотод шинээр сургууль, цэцэрлэг барихад газрын асуудал маш хүнд байгаа. Тиймээс сайдаар томилогдсон даруйдаа сургуулийн зориулалтаар ашиглах боломжтой түрээсийн барилга байгууламжийн судалгаа хийх ажлыг эхлүүлсэн. Ирэх хичээлийн жил эхлэхэд аль нэг сургуулийг түрээсийн байранд түр шилжүүлсэн байхыг зорьж байна.

26 дугаар хороонд хүн амын тоо үзүүлэлтийг харсан ч шинэ сургууль, цэцэрлэг барихаас аргагүй байгаа. Миний бие Нийслэлийн Засаг дарга болон холбогдох албаныхантай 26 дугаар хороонд газар дээр нь очиж ажилласан. Нийслэлд газрын асуудлыг яаралтай шийдвэрлэх чиглэл өгсөн” гэв.

Эх сурвалж: БСШУСЯ