Сүхбаатар дүүргийн өрхийн тариалан эрхлэгчдэд нийслэлийн Хүнс, Хөдөө аж ахуйн газар, ”Танайд мод таръя” ТББ-тай хамтран “Хөх далан хальс жимсгэнэ тариалах технологи” сургалтыг хийлээ. Энэхүү сургалт нь Сүхбаатар дүүргээс зохион байгуулж байгаа “Иргэн төвтэй дүүрэг” аян, Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй "Жимс, жимсгэнэ" хөтөлбөрийн хүрээнд өрхийн тариалан эрхлэгчдийг дэмжих, амин дэмээр баялаг жимс, жимсгэнэ тариалах аргачлалд сургах, өрхийн хэрэгцээг хангах, цаашид үйлдвэрлэл эрхлэхэд туслах зорилготой юм.
Сургалтыг Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн секторын эрхлэгч, доктор Т.Атарсайханудирдан явуулж, хөх далан хальс жимсгэнийг Монгол оронд нутагшуулах, үржүүлэх судалгааны ажлын дүнг танилцуулан жимс жимсгэний эмчилгээний болон боловсруулсан бүтээгдэхүүний биохимийн шинж чанарыг дэлгэрэнгүй тайлбарлаж, өрхийн тариалангийн түвшинд хэрхэн тариалах, үржүүлэх технологийг зааж сургасан юм.
Мөн Ховд аймгийн Булган сумын харьяат Улсын Тэргүүний тариаланч Н.Төмөрбаатарыг сургалтдаа урьж, алим, чавганы модыг хэрхэн үр дүнтэй тариалах технологи аргачлалыг заан Ховд аймагт нутагшуулсан таримлуудын талаарх арвин туршлагаас хуваалцав. Сургалтад оролцсон өрхийн тариаланчдыг гарын авлага материалаар хангаж, хөх далан хальс жимсгэнийн модны суулгацын худалдаалалтыг зохион байгууллаа.
Эх сурвалж: Сүхбаатар дүүргийн хэвлэлийн алба