Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчсон хэвээр байна

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны аравдугаар сарын 22-ны өдрийн 6/21 дүгээр тогтоолын хоёрдугаар хавсралтаар “Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийтийн тээврийн хэрэгслээр зорчих цахим төлбөрийн карт олгох журам”-ыг баталсан. Мөн 2017 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн хуулиар “Ахмад настны нийгмийн хамгааллын тухай” хуулийг хүчингүй болгож, Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 6/21 дүгээр тогтоолын хоёрдугаар хавсралтаар батлагдсан “Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийтийн тээврийн хэрэгслээр зорчих цахим төлбөрийн карт олгох журам”-ын хууль зүйн үндэслэл болсон “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай” болон “Ахмад настны нийгмийн хамгааллын тухай” хууль тус тус хүчингүй болсноор эрх зүйн чадамжгүй болсон юм.

Дээрх шинэчлэн батлагдсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 32.8 дахь заалт болон Ахмад настны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь заалтад “Энэ хуулийн 8.1.5-д заасан нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих журмыг Засгийн газар батална” гэсний дагуу Монгол улсын Засгийн газрын 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 197 дугаар тогтоолын гуравдугаар хавсралтаар “Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүн нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих журам” баталсан байдаг.

Иймд Засгийн газрын 2017 оны 197 дугаар тогтоолоор батлагдсан журам болон НИТХ-ын 2015 оны 6/21 дүгээр тогтоолоор батлагдсан журам нь энэхүү харилцааг давхардан зохицуулж байсан учир Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдаанаар НИТХ-ын 2015 оны 6/21 дүгээр тогтоолоор батлагдсан “Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийтийн тээврийн хэрэгслээр зорчих цахим төлбөрийн карт олгох журам”-ыг хүчингүй болгосон.

Иймээс шинэчлэн батлагдсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль болон Ахмад настны тухай хуульд тус тус заасны дагуу Засгийн газрын 2017 оны 197 дугаар тогтоолоор батлагдсан “Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүн нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих журам”-ын дагуу ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд нь нийтийн тээврээр үнэ төлбөргүй хэвийн зорчиж байна гэж Нийтийн тээврийн үйлчилгээний газраас мэдээлэв.