Нэг. Гал түймрийн нөхцөл байдал
Он гарсаар улсын хэмжээнд эхний дөрвөн сарын байдлаар нийт 1817 удаагийн ахуйн түймэр гарч, 4.2 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Гал түймрийн улмаас 24 хүн нас барж, 8 хүн түлэгдэж гэмтэн, 577 толгой мал хорогдож, 721 гэр, орон сууц шатжээ.
Дээрх гал түймрийн аюулаас Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 459 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 23.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.
Ахуйн гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 59 хувиар өсч, учирсан хохирлын хэмжээ 35.6 хувиар буурсан байна.
Нийслэл хотод нийт 1258 удаагийн гал түймэр гарч, 2.2 тэрбум төгрөгийн хохирол, орон нутагт 559 удаагийн гал түймэр гарч, 2.0 тэрбум төгрөгийн хохирол тус тус учирсан байна.
Хоёр. Урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтын талаар:
Энэ хугацаанд 6104 байгууллага, аж ахуйн нэгж, 55406 айл өрхөд гал түймрийн хяналт шалгалт хийж, гал түймрийн хэрэг зөрчилд хүргэж болзошгүй 31073 зөрчил дутагдал илрүүлэн, 14593 зөрчлийг үзлэг шалгалтын явцад арилгуулан бусад зөрчлийг арилгуулахаар 1795 заавал биелүүлэх албан шаардлага, 1442 мэдэгдэл, 118 танилцуулга, 198 дүгнэлт бичиж, гал түймэр гарч болзошгүй 18 объектын үйл ажиллагааг хэсэгчлэн буюу түр хугацаагаар зогсоож, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчсөн байгууллага, аж ахуйн нэгжийн холбогдох албан тушаалтан, иргэдийг 73.9 сая төгрөгөөр торгож, галын аюулаас урьдчилан сэргийлэх сургалт 691удаа, дадлага 473 удаа зохион байгуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр 480 удаа сэрэмжлүүлэг явуулсан байна.
Улаанбаатар хотод болон орон нутгийн хэмжээнд шинээр баригдах барилга байгууламжийн 211 зураг төсөлд хяналт хийж баталгаажуулан, барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээж авах улсын комиссын бүрэлдэхүүнд 126 удаа орж ажиллав.
Ахуйн гал түймрийн шалтгааныг авч үзвэл:
- Санамсар болгоомжгүй байдлаас 1299 – 72.1%
- Цахилгаанаас үүдэлтэй 287 – 15.9%
- Машин техникийн гэмтэл, ашиглалт буруугаас 104 – 5.8%
- Шалтгаан тогтоогдоогүй 84 – 4.7%
- Бусад шалтгаан 37 – 2%
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР