Өмнөговьчууд наймдугаар сарын 1-ний өдрийг хүртэл дугуйгаар ажилдаа явна

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 2018 онд 6.9 км дугуйн зам болон явган хүний замыг барьж байгуулсан.

Дугуйн замын ашиглалтыг нэмэгдүүлэх, иргэдэд эрүүл амьдрах зөв дадал хэвшлийг бий болгох үүднээс аймгийн ЗДТГ, ЭМГ, БТСГ-аас хамтран “Эко Өмнөговь” төслийн хүрээнд “Автомашинаас татгалзъя-Ажилдаа дугуйгаар явъя” уриатай аяныг энэ сарын 22-ны өдрөөс ирэх наймдугаар сарын 1-ний өдрийг дуустал хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ. 

Аяны хүрээнд аж ахуйн нэгж, байгууллага бүр гадаах талбайдаа дугуйн зогсоолтой болох, ажилдаа ирэх, буцахдаа автомашинаас татгалзан дугуй унаж буй албан хаагчдыг хөдөлмөрийн дотоод журмын дагуу урамшуулах заалт оруулан дэмжлэг үзүүлэх, амралтын өдрүүдэд байгууллага хамт олноороо дугуйн аялал зохион байгуулах зэрэг бие бялдраа чийрэгжүүлэх, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэхэд чиглэсэн олон талт арга хэмжээ зохион байгуулахыг уриалж байгаа юм байна.