Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан энэ сарын 17-ны өдөр гаргасан А/322 дугаар захирамжийн хэрэгжилтийг өнөөдөр /2019.04.20/ биечлэн шалгаж, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт ажиллав. Энэхүү захирамжид иргэдийн эрүүл, аюулшүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах болон гудамж замын тохижилтыг нэмэгдүүлэх талаар тусгагдсан билээ.
Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт байрлах зарим иргэн, аж ахуйн нэгжүүд орон сууцны зориулалттай байрны нэг давхарт зөвшөөрөлгүй өргөтгөл барьж, явган хүний зам хааж, хашаа, хайс, шат барьсан асуудал их байгааг хотын захирагч онцлоод, энэ дутагдлыг нэн даруй засах, хашаа хайсыг буулгах, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлөхийг Нийслэлийн газрын албаны дарга Э.Болорчулуунд даалгав.
Мөн Чингэлтэй дүүрэг Урт цагааны гудамжинд “Улаанбаатар сан”-гийн мэдэлд байсан нийтийн зориулалттай бие засах газар барихаар төлөвлөж байсан газарт хүнсний дэлгүүр ажиллаж, төмөр хайсаар хашсан байгааг нэн яаралтай шийдэхийг Хотын ерөнхий төлөвлөгөөний газарт үүрэг болгов.
Орон сууцны иргэд хүүхдийн тоглоомын талбайг хамгаалж төмөр шон суулгасан байгаа нь эргээд хүүхэд багачуудын эрүүл мэнд, амь насанд аюул учруулж болзошгүйг Хотын захиарагч анхааруулж, тухайн байрны СӨХ-д уламжлан арга хэмжээ авч ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад сануулав.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс