Хот тохижилтын ажилд нэн шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгслийг шийдвэрлэхээр боллоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр нийслэлийн Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын үйл ажиллагаа, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн нөхцөл байдалтай танилцлаа. 

Энэ үеэрээ Хот тохижилтын газрын ажилчидтай ярилцаж, шийдвэрлүүлэх тулгамдаад буй асуудлуудыг нээлттэй хэлэлцлээ. Түүнчлэн шаардлагатай тоног төхөөрөмжийг нэн даруй шийдэж өгөхөө илэрхийллээ. 

Зам талбайн үйлчлэгч Д.Түмэнжаргал хотын даргад хандаж “Миний хувьд энэ байгууллагад 2015 онд ажилд орсон. Анх ажилд орж байснаас өнөөдрийн манай байгууллагын нөхцөл байдал эрс сайжирсан. Сүүлийн үеийн механикжуулсан тоног төхөөрөмжийг өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглаж байна. Цаг тухай бүрт нь багаж төхөөрөмжиндөө засвар үйлчилгээг нь хийгээд, солиод явдаг. Зам талбайн, тохижилт, цэвэрлэгээ хийж байгаа ажилчдын хувьд тулгамдсан асуудал бол иргэд хогоо хаа хамаагүй хаядаг явдал юм. Хамгийн гол нь хотоо хог, шороогүй, цэвэр цэмцгэр байлгахын тулд хүн бүр, иргэн бүр дор бүрнээ соёлтой, хогоо хогын савандаа хийж хэвшвэл нийслэлдээ цэмцгэр сайхан амьдрах боломж бий” хэмээн ярилаа.

Хотын захирагч С.Амарсайхан  Хот тохижилтийн газрын удирдлагуудад хандан “Нийслэлийн төсөв, гадаадын хөрөнгө оруулалтаар авсан тоног төхөөрөмжийг эвдэрлээ гээд засаж ашиглахгүй, үзмэр болгоод хадгалаад байж таарахгүй. Боломжтой бол засвар үйлчилгээг нь нэн даруй хийгээд  ашиглалтад оруулж, зам талбайн үйлчлэгч, ажилчдын хөдөлмөрийг хөнгөвчил. Мөн хогийн цэгүүд дээр хогоо асгаад гарч байгаа автомашин, техникүүдийн дугуйг ариутгадаг зориулалтын тоног төхөөрөмжийг байршуулах хэрэгтэй. Ингээгүйгээс болж хогийн цэг дэх нян бактери машины дугуйгаар дамжин хотын гудамж, хороололд тархах магадлалтай. Тиймээс ийм төрлийн ариутгалын төхөөрөмжийн талаар судлаад, танилцуул” гэсэн бол ажилтан, албан хаагчидад хандан  “Улаанбаатар хотыг цэвэр цэмцгэр байлгах үйл хэрэгт өглөө эртээс шөнө дунд хүртэл амсхийх чөлөөгүй ажилладаг та бүхэнд нийслэлчүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлье. Цаашдаа та бүхний ажлыг хөнгөвчлөх, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор шинэ технологи, техникийн дэвшилд суурилсан тоног төхөөрөмж, машин механизмыг үйлчилгээнд нэвтрүүлэхийг зорьж байна. Тиймээс өнөөдөр танай байгууллагын техник тоног төхөөрөмжтэй биечлэн танилцаж байгаа юм. Энэ жил иргэдийн чөлөөт цагаа боловсон өнгөрүүлэх ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, усан оргилуур олноор барих ажилд хотоос анхаарна. Эдгээр ажлыг хэрэгжүүлэхэд та бүхний үүрэг оролцоо чухал” хэмээн хэллээ.

Эх сурвалж:Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс