2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр “Засаг даргын явуулын өрөө”-г Налайх-Улаанбаатар, Улаанбаатар-Налайх чиглэлийн нийтийн тээвэрт ажиллууллаа.
Хуваарийн дагуу Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Засаг даргын орлогч Х.Анхбаяр, Засаг даргын орлогч С.Тунгалаг нар "Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг шинэчлэн засах ажил 4 дүгээр сарын 15-наас эхлэхтэй холбогдуулан хийгдэж байгаа ажил, хөдөлгөөний зохицуулалтын талаар иргэд, зорчигчдод дэлгэрэнгүй мэдээлэл хүргэж, иргэдийг зам хаах хугацаанд хүлээцтэй, тэвчээртэй байж авто замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг санууллаа".
Налайхын шинэ зам ашиглалтад орсны дараа 20 шинэ автобусаар үйлчилнэ
“Эрдэм Транс” ХХК-ийн Налайх дүүрэг хариуцсан тээвэр зохицуулагч н.Баттогтох дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазартай цуг автобусанд ажиллах үеэр замын ажил хийгдэх хугацаанд нийтийн тээврийн зохицуулалтын талаар мэдээлэл хүргэлээ.
Тухайлбал, түр замаар зорчих хугацаанд нийтийн тээвэр одоо байгаа хугацаанаасаа удаан явах учраас иргэдийг ажил алба, цаг зав, эрсдэлээ тооцож үйлчлүүлэхийг уриалаад шинэ зам ашиглалтад орсны дараа 20 шинэ автобусаар үйлчилж эхлэхээр парк шинэчлэлийг хийгээд бэлэн болгосон гэдгийг хэлсэн юм.