Зүй бусаар хорогдсон малын мах болох нь шинжилгээгээр тогтоогджээ

Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх Эмээлт товчоогоор энэ сарын 08-ны өдөр Баян-Өлгий аймгаасоруулж ирсэн, хүнсэнд зориулан төхөөрөөгүй, зүй бусаар хорогдсон малын мах байж болзошгүй их хэмжээний маханд Сонгинохайрхан дүүрэг дэх МХХ-ийн улсын байцаагчид хяналт шалгалт хийсэн.

Хяналт шалгалтаар Өлгий сумаас гарал үүслийн гэрчилгээтэй, 20 тонн үхрийн мах нь мэдрэхүйн үзүүлэлтээр шинэлэг байдлаа алдсан, харласан, эвгүй үнэртэй, хэт туранхай, хүнсэнд хэрэглэх боломжгүй байсан тул саатуулан, битүүмжилж, дээж аван Нийслэлийн Мал эмнэлэгийн лабораторид шинжлүүлсэн байна.

Шинжилгээгээр тус маханд бүлэн үүсч, булингартай, давс үүссэн, өнгөний өөрчлөлтгүй, шинэлэг махны pH 5.6-6.4 байх байтал 6,6-7,5 байсан шинж тэмдэг үзүүлсэн тул хүнсний стандартын шаардлага хангахгүй, зүйн бусаар хорогдсон болон өвчтэй малын мах байна гэсэн дүгнэлт гарчээ.

Иймд эрүүл ахуйн шаардлага хангаагүй их хэмжээний махыг холбогдох байгууллагатай хамтран устгах юм.

Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас энэ хэрэгт холбогдогч М-д хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй, эрүүл ахуйн шаардлага хангахгүй, зүйн бусаар хорогдсн малын махыг их хэмжээгээр бэлтгэж, нийслэл хот руу тээвэрлэн ирэхдээ гарал үүслийн гэрчилгээг хуурамчаар үйлдсэн байх магадлалтай тул Зөрчлийн хэрэг нээж ажиллаж байна.