Монголын багш нарын VII их хуралд 22-91 насны 800 төлөөлөгч оролцож байна

Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор болж буй Монголын багш нарын VII их хурал 2019 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр Төрийн ордонд эхэллээ.

Их хуралд Монгол Улсын 21 аймгийн 330 сум, нийслэлийн есөн дүүргээс сургуулийн өмнөх боловсролын 184, бага, дунд, тусгай хэрэгцээт, албан бус насан туршийн боловсролын 416, мэргэжлийн боловсролын 40, их дээд сургууль, коллежийн 68 багш төлөөлөгчөөр сонгогджээ.

Анхны их хурлаас 84, сүүлчийн их хурлаас 23 жилийн дараа болж буй түүхэн их хурлын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх нар үг хэлж, салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан зарим багшийг төрийн дээд цол тэмдгээр шагналаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар Гончигийн Лхахүүг Монгол Улсын Ардын багш, Ч.Ганбилэг, Г.Гүндэгмаа, П.Дулмаа, М.Шагдарсүрэн, С.Цээпил, А.Эрдэнэбаатар, Лхагваа нарыг Монгол Улсын Гавьяат багш цол тэмдгээр шагнасан нь их хурлын төлөөлөгчид төдийгүй мянга мянган шавь нарынх нь сэтгэлийг хөдөлгөсөн баярт мэдээ болж чадав.

Боловсролын салбарт хүчин зүтгэж буй 47.8 мянган багшийн санал бодлыг тээж, эх орныхоо өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн 800 төлөөлөгчийг төлөөлж, Монгол Улсын Ардын багш Ц.Өнөрбаян үг хэлсний дараа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Б.Зангад үе үеийн багш нарын сүлд дуулал болсон “Багшаа дуулъя” дуугаар нээлтийн ажиллагаанд түрлэг нэмлээ.

Монголын багш нарын VII их хурлыг зохион байгуулах тухай Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 25 дугаар захирамжаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан тушаалаар бэлтгэл ажлыг хангаж, Монголын Багш нарын холбоо, Монголын Ахмад багш нарын холбоо, Монголын Залуу багш нарын холбоо, Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоод хамтран зохион байгуулж байгаа юм. 

Зохион байгуулагчдын мэдээллэснээр Монголын багш нарын VII их хурлын төлөөлөгчдийн 20,6% нь эрэгтэй, 79,4% нь эмэгтэй багш байна.
Насны бүлгээр авч үзвэл 
• 35 хүртэлх насны залуу багш 12,4%, 
• 36-45 хүртэлх насны багш 28,8%, 
• 46-55 хүртэлх насны багш 46,7%, 
• 56-65 хүртэлх насны багш 10,6%, 
• 66-аас дээш насны ахмад багш 1,4%-ийг эзэлж байна.
Ажилласан жилээр авч үзвэл 
• 2-9 жил ажилласан багш 8,3%, 
• 10-19 жил ажилласан багш 24,6%, 
• 20-29 эил ажилласан багш 35,4%, 
• 30-39 жил ажилласан багш 29,2%, 
• 40-өөс дээш жил ажилласан багш 2,4%-ийг эзэлж байна.
Боловсролын зэргийг авч үзвэл 
• доктор 23, 
• магистр 307, 
• бакалавр 324, 
• дипломын 54, 
Мэргэжлийн зэргээр авч үзвэл 
• зөвлөх 29, 
• тэргүүлэх 265, 
• заах аргач зэрэгтэй 159 багш байна.
Их хурлын хамгийн ахмад төлөөлөгч Монгол Улсын Гавьяат багш Цэрэнпилийн Балхаажав, өдгөө 91 настай бол хамгийн залуу төлөөлөгч Налйах дүүргийн 119-р сургуулийн багш Ганбаатарын Тэгшсүрэн, 22 настай байв.