“Тод Каннам” хэмээх эмнэлэгт өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан хэрэг өнгөрсөн долоо хоногт гарсныг бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл тус эмнэлгийн цаашид үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Нийслэлийн Эрүүл мэндийн газарт хүргүүлжээ.
Энэ талаар НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш “Бид энэ оны нэгдүгээр сарын 22-ны өдөр НМХГ-ын даргын баталсан удирдамжийн дагуу нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг арьс, гоо заслын чиглэлийн 57 эмнэлэгт урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийсэн юм. Шалгалтын явцад тусгай зөвшөөрлийн гэрчилгээнд заагдсан нутаг дэвсгэр, хаяг байршилд үйл ажиллагаа явуулаагүй “ЭБУ Алунгуа”, “Закира”, “Тод Каннам” эмнэлэг болон ажлын байр нь эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийн шаардлага хангаагүй, зориулалтын бус байранд үйл ажиллагаа явуулж буй “Акне-Офф” гэх арьс гоо заслын дөрвөн эмнэлгийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх саналыг нийслэлийн Эрүүл мэндийн газарт хүргүүлсэн юм. Ганцхан “Тод Каннам” эмнэлэг дээр биш” хэмээн хэллээ.