Хэмжил зүйн салбарт төсөл хэрэгжүүлэхээр тохиролцлоо

Стандарт, хэмжил зүйн газар, Монгол Улсын Эрчим хүчний яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам болон ХБНГУ-ын Физик техникийн хүрээлэн (РТВ)-тэй хамтран “Монгол Улсын эрчим хүч, уул уурхайн салбарт чанарын дэд бүтцийг сайжруулах” I ба II шатны төслүүдийг 2013 оноос хойш амжилттай хэрэгжүүлж байгаа билээ. Уг төслийн II дахь шат  болох “Монгол Улсын эрчим хүчний салбарт чанарын дэд бүтцийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх” төсөл 2016 оноос 2019 оны 9-р сар хүртэл үргэлжилж байгаа бөгөөд манай улсын хэмжил зүй, стандартчилал, техникийн зохицуулалт ба эрчим хүчний салбарын хэмжил зүйн мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаа, чадавхийг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхижуулан мэргэшүүлэхэд чиглэн ажиллаж байна.

        Ингээд II дахь шатны үйл ажиллагаанд хөндлөнгийн урьдчилсан үнэлгээ хийх, дараагийн III шатны төслийг төлөвлөх зорилгоор РТВ–ийн төслийн зохицуулагч Мариям тэргүүтэй төслийн үнэлгээний баг, зөвлөх экспертүүд Стандарт, хэмжил зүйн газарт 2019 оны 3-р сарын 11-22-ны өдрүүдэд амжилттай ажиллалаа. Мөн энэ хугацаанд “Хэмжил зүйн сургагч багшийг сургаж мэргэшүүлэх” сургалт зохион байгуулж, СХЗГ-ын Хэмжил зүйн хүрээлэн(ХЗХ)-ийн даралт, температурын лабораторид зөвлөгөө өгч ажилласан юм.

        “Монгол Улсын эрчим хүчний салбарт чанарын дэд бүтцийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх” төслийн хэрэгжилт, цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, төлөвлөх хүрээнд ХБНГУ-ын РТВ–ийн зөвлөх эксперт Ниэлс Фирдинанд болон төслийн зохицуулагч Мариям нар үнэлгээнд оролцсон ба Лютс Ньюман(ХБНГУ-ын зөвлөх эксперт), Аж чара (Тайланд улсын Хэмжил зүйн хүрээлэнгийн дарга), Катарина(ХБНГУ-ын РТВ-ийн зөвлөх) нар төсөлд оролцогч бүх байгууллагуудын төлөөлөлтэй ярилцлага хийсэн байна.

        Ингээд РТВ-ийн үнэлгээний баг 2019 оны 3-р сарын 15-ны өдөр СХЗГ-т зохион байгуулсан “Төслийн урьдчилсан үнэлгээ ба төлөвлөлт” семинари, уулзалтын үеэрээ төслөөс хэрэгжүүлэхээр дэвшүүлсэн зорилтууд амжилттай хэрэгжсэнг онцлон тэмдэглээд цаашид уг төслийг үргэлжүүлэх нь зүйтэй хэмээн үзжээ.