Сурагчид анги дэвших болон төгсөх, Элсэлтийн ерөнхий шалгалтаа өгөх чухал үед аймгийн боловсролын салбарын удирдах ажилтны зөвлөгөөнийг хийж байгаа юм. Төгсөгчид хүссэн сургуульдаа элсэн орох, аймаг орон нутгийн удирдлагын түвшинд багш сурагчдыг амжилттай суралцах ая тухтай орчинг бүрдүүлэхэд онцгой анхааран ажиллаж байна. Өнгөрсөн онд Ханбогд суманд 640 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэг, Даланзадгад суманд 100 хүүхдийн цэцэрлэгийг байгуулж ашиглалтад оруулахын зэрэгцээ Оюуны хурд, Англи хэлтэй-Өмнөговь, Багш хөгжил дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, англи хэл, мэдээлэл зүйн кабинетыг тохижуулж багш сурагчдын сурч хөгжих боломж нөхцөлийг сайжрууллаа.
2019 онд боловсролын салбарт 33 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж сумдад шинэ сургууль цэцэрлэг байгуулна. Багш сурагчид руу чиглэсэн үр дүнтэй ажлуудыг хэрэгжүүлнэ.
Тогтвортой хөгжилд-удирдлагын оролцоо сэдэвт боловсролын салбарын удирдах ажилтны зөвлөгөөнд аймгийн боловсролын салбарын бодлого төлөвлөлт, цаашдын зорилт, бодлогын баримт бичиг, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд анхаарах зүйлс зэрэг чухал асуудлыг хөндлөө.
Элсэлтийн ерөнхий шалгалтын үнэлгээ, багш сурагчдын амжилтыг ахиулах, зөв бодлого төлөвлөлтийг хэрэгжүүлэхэд тэд санал солилцлоо. Мөн энэ үеэр Даланзадгад сумын 10 цэцэрлэгт 68 ширхэг зөөврийн компьютер, 23 дугаар цэцэрлэг, 25 дугаар цэцэрлэгт YAMAHA хөгжмийг гардуулж өгөв. Багш сурагчдын хөгжих орчин нөхцөлийг үе шаттайгаар сайжруулах ажлуудыг хэрэгжүүлсээр байна.