Жил бүрийн гуравдугаар сарын 22-ны өдөр Казах түмний дээдлэн тэмдэглэдэг Наурызын баяр болдог уламжлалтай.
Нарны баяр хэмээн өргөмжилдөг энэ өдөр шөнө тэнцэж, урин цаг наашилдаг нь хэчнээн сайхан. Эл өдөр та шинэхэн боорцог, ширээ дүүрэн амттан, казны шөлний тос дарам үнэр, долоон төрлийн амттанг өөртөө шингээсэн көжены амтыг казах айлд зочилсноор амтлах болно. Түүхээс үзвэл 1926 оноос Наурызын баярыг тэмдэглэхийг хориглосон аж. Гэвч Казах түмэн 1940 он хүртэл тэмдэглэж ирсэн талаар ахмад настан буюу нэгэн ак сахал бидэнд хуучилсан юм.
Дэлхий дахинд Ойрхи Дорнод, Балканы хойг, Төв Ази, Кавказ зэрэг газар нутгийн 300 сая гаруй хүн Наурыз баярыг өргөн тэмдэглэн өнгөрүүлдэг байна. 2010 оноос эхлэн Тажикстан, Азербайжан, Афганистан, Казахстан, Кыргыз, Иран, Туркменистан, Турк зэрэг орны төлөөлөгчдийн өргөн барьсан хүсэлтийн дагуу НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 64 дэх хуралдааны үеэр Наурызыг Олон улсын баяр болгон баталсан билээ. ЮНЕСКО-оос 2012 оны есдүгээр сарын 30-нд Наурыз баярыг Дэлхийн халдашгүй соёлын өвд бүртгэсэн байна.
Наурызын баяраар казах айлууд "көже” хэмээх идээ бэлтгэж ах дүү, хамаатан садан, айл хотлоороо бие биеэ дайлж, идээ цагаа, эв нэгдэлтэй байхыг бэлэгшээдэг заншилтай. Наурызын баярын хамгийн чухал хоол бол Наурыз шөл юм. Уг шөлийг ус, мах, гурил, давс, будаа, өөх, сүү зэргээр хийдэг бөгөөд долоогоос доошгүй идээний дээж ордог байна. Будаатай шөл хийдгийн учир нь өсөж олуулаа болохыг бэлгэддэг аж.
Наурыз бол шинэ жилийн эх нь бөгөөд эл өдөр Монгол хүн анх сансарт ниссэнээс гадна “Усны буюу усны нөөцийн дэлхийн өдөр”, Таксины жолооч нарын олон улсын өдөр зэрэг олон тэмдэглэлт үйл явдал давхацдагаараа онцлогтой билээ.
Ұлыстың ұлы күні – Наурыз мерекесімен шын жүректен құттықтаймыз.
Наурыз мерекесі баршамызға құтты болсын, бақыт әкелсін.