Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир Засгийн газрын хуралдааны дараа мэдээлэл хийлээ.
Тэрээр "Нөмрөгийн дархан цаазат газрын 431 мянган га нь шатсан. Энэ талбайн дийлэнх хэсэг нь бага болон дунд зэрэг шатсан, 81 мянган газар нь их болон маш их зэрэглэлээр шатсан гэсэн дүгнэлт гарсан. 14.7 мянган га ой түймэрт өртсөн. Үүнтэй холбоотойгоор амьтан, ургамлын амьдрах орчин тодорхой хэмжээгээр доройтож байгааг тогтоосон байна.
Нөмрөгийн дархан цаазат газарт ажилласан ажлын хэсэг байгаль орчинд учирсан хохирлыг 1.2 их наяд төгрөг гэж үнэлсэн. Улсын тусгай хамгаалалттай газарт үүсэн хохирлыг гурав дахин нугалж тооцох хуулийн хүрээнд 3.3 их наяд төгрөг гэж үзсэн. Гэхдээ энэ бол ажлын хэсгийн дүгнэлт. Үүнийг цааш нь мэргэжлийн байгууллагууд хянана.
Мөн түймрийг унтраахад 346.6 сая төгрөг зарцуулсан.
Цаашид хууль хяналтын байгууллагууд ажлаа хийж хэргийн эзэн холбогдогчийг тодорхой болгож хохирлыг нөхөн төлүүлнэ" гэв.