Алдарт Claude чатботыг бүтээсэн хиймэл оюуны Anthropic компани хөрөнгийн зах зээлд хувьцаагаа гаргахаар болжээ.
Компани хувьцаагаа Нью-Йоркт төвтэй, технологийн компаниудад чиглэсэн хөрөнгийн бирж болох Nasdaq-д пүрэв гарагт нэг бүрийг нь 83 ам.доллараар үнэлж гаргахаа мэдэгджээ. Энэ үнэ нь Anthropic-ийг дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компаниудын нэг болгоно.
Энэ нь зөвхөн хиймэл оюунд төвлөрсөн АНУ-ын анхны компани олон нийтэд хувьцаагаа санал болгож буй тохиолдол болох бөгөөд асар хурдтай өсөж буй салбарын хувьд чухал сорилт болно. Учир нь уг технологид асар их хэмжээний хөрөнгө оруулалт хийж байгаа нь ашиг авчрах эсэхэд эргэлзээ бий.
Хиймэл оюун ухааны компани энэ сарын эхээр хувьцаагаа нэг бүрийг нь 70–78 ам.долларын үнээр санал болгож, компанийн үнэлгээг 1.3 их наяд ам.доллар хүртэл хүргэх төлөвтэй байгаагаа мэдэгдсэн юм. Гэвч Anthropic-ийн анхдагч хувьцааны санал (IPO) буюу хөрөнгийн зах зээлд хувьцаагаа анх гаргах ажиллагаанд эрэлт маш өндөр байгаа талаар компанийн анхны хөрөнгө оруулагчдын нэг BBC-д нэрээ нууцлах нөхцөлтэйгөөр мэдээлжээ.
Түүний хэлснээр, олон нийтэд хувьцаагаа гаргахаас өмнө захиалга нь санал болгож буй хувьцааны тооноос 10 дахин давсан байна. Энэ нь Anthropic-ийн хувьцааг авах хүсэлт санал болгож буй хэмжээнээс арав дахин их байгааг илэрхийлнэ. Хэрэв энэ мэдээлэл батлагдвал пүрэв гарагт арилжаа эхлэх үед Anthropic-ийн үнэлгээ анх төлөвлөсөн хэмжээнээс огцом өсөх боломжтой.
Эрэлт хэр өндөр байгаагаас шалтгаалан Anthropic нь Илон Маскийн SpaceX компанийн анхны зах зээлийн үнэлгээг ч давж магадгүй. SpaceX зургадугаар сард хөрөнгийн зах зээлд гарахдаа 2.2 их наяд ам.долларын үнэлгээ авч, түүхэн дэх хамгийн өндөр үнэлгээтэй IPO болсон юм. Гэвч түүнээс хойшхи хэдэн долоо хоногт SpaceX-ийн хувьцааны үнэ мэдэгдэхүйц буурсан.
Одоогийн байдлаар Anthropic хувьцаагаа анх гаргах замаар хөрөнгө оруулагчдаас 68 тэрбум ам.долларын хөрөнгө босгох юм. Мөн хувийн хөрөнгө оруулалтын хэлцлээр нэмж 26 тэрбум ам.доллар татах төлөвтэй байна. Ингэснээр компанийн нийт босгох хөрөнгө 94 тэрбум ам.долларт хүрнэ.
Anthropic-ийн хувьцааны анхдагч арилжаагаар босгох хөрөнгө нь SpaceX-ийн зургадугаар сард босгосон хэмжээнээс аль хэдийн давсан байна.