БНСУ-ийн их сургуулийн элсэлтийн шалгалт өнөөдөр улс даяар болж байна. Эрх баригчид ухаалаг төхөөрөмж болон хиймэл оюун ашиглан шалгалтаа өгөх явдлыг таслан зогсоохын тулд бүх хүчээ дайчилж байна.
Улсын хамгийн чухал академик шалгалт болох Коллежийн элсэлтийн чадварын шалгалт (CSAT) өглөөний 08:40 цагт улс даяарх 1312 шалгалтын төвд эхэлж, 17:45 цагт дуусахаар төлөвлөгджээ.
Энэ жилийн шалгалтад нийт 551 864 хүн бүртгүүлсэн аж. БНСУ-ын эрх баригчид шалгалтын төвүүдэд шалгалтын үеэр хуулахаас сэргийлэхийн тулд 75 000 орчим хянагч, нэмэлт 8400 орчим ажилтан дайчилжээ.
Энэ жилийн мэргэшсэн татварын нягтлан бодогчийн шалгалтад хамгийн өндөр оноо авсан хүн хиймэл оюун болон дижитал төхөөрөмжийн тусламжтайгаар хуулсан гэдгээ саяхан хүлээн зөвшөөрч, олон нийтийн дургүйцэл төрүүлсний дараа Засгийн газар CSAT шалгалтын үеэр хуулахын эсрэг арга хэмжээг чангатгажээ.
Шинэ арга хэмжээний хүрээнд шалгалт өгч буй сурагч бүрийн нүдний шилэнд нууц камер байгаа эсэхийг шалгах бөгөөд хувцасны товчнуудыг наалтаар бүрхэж, бичил камер ашиглахаас сэргийлэх юм.
Сөүлийн өмнөд хэсэгт байрлах нэгэн ахлах сургуулийн төгсөгч Юн Сон Хван шалгалтын үеэр асуудал үүсэхээс сэргийлэн нүдний шилнийхээ оронд контакт линз зүүсэн гэдгээ тайлбарлав. “Би ер нь нүдний шил зүүдэг ч шалгалтын үеэр зүй бус үйлдэл хийсэн эсэхийг шалгах вий гэж бага зэрэг санаа зовсон тул контакт линз зүүсэн” гэж 18 настай тэрбээр хэлжээ.
Эцэг эхчүүд хүүхдүүдээ шалгалтын төвд орох үед урам зориг өгч байсан ч өндөр ач холбогдолтой энэ шалгалтын үеэр хуулахын эсрэг чангатгасан арга хэмжээ нь сурагчдын анхаарлыг сарниулах вий гэж олон хүн санаа зовж байна.
Сөүл хотын төв хэсэгт байрлах ахлах сургуульд хүү нь шалгалт өгч буй Ли Жон Ок хүүгийнхээ хүсэлтээр хувцасных нь бүх товчийг авч хаясан гэж хэлсэн байна. Шалгалтын өрөөнд бүх электрон төхөөрөмжийг хориглож, шалгуулагчид зөвхөн харандаа авч орохыг зөвшөөрчээ.
Эрх баригчид мөн өглөөний 08:30 цагт улсын хэмжээнд бараг бүх гар утсанд хүрч, төхөөрөмж дуугүй байсан ч чанга дохио өгөх зориулалттай гамшгийн сэрэмжлүүлэг илгээж, шалгалтын төвд хураалгалгүй авч орсон утас байгаа эсэхийг илрүүлэхээр ажилласан байна.
Шалгалтын үеэр тодорхойгүй цагт дахин нэг сэрэмжлүүлэг илгээх юм.
Засгийн газар хуулж байгаад баригдсан хүмүүсийг 10 жилийн хугацаанд дахин шалгалт өгөхийг хориглож, зөрчлийг мэдээлсэн хүмүүст 100 сая вон хүртэлх урамшуулал олгохоор болжээ.
CSAT бол олон сурагчийн хувьд олон жилийн турш шаргуу суралцсаны үр дүнг шалгаж, их сургуульд элсэх нь ирээдүйн ажил мэргэжлийн боломжид ихээхэн нөлөөлдөг учир Өмнөд Солонгост амьдралын чухал үйл явдал гэж өргөнөөр үздэг.
Шалгалтын ач холбогдлыг харгалзан Засгийн газар шалгалтын өдөр сурагчдын хэрэгцээг хангахын тулд бүх арга хэмжээг авч хэрэгжүүлдэг.
Англи хэлний сонсголын хэсгийн үеэр дуу чимээг багасгахын тулд улс даяар бүх нисэх онгоцны хөөрөлт, буултыг 13:05–13:40 цагийн хооронд хориглоно. Онцгой байдлын нөхцөлд байгаа нисэх онгоцыг эс тооцвол агаарт нисэж буй бүх онгоц агаарын хөдөлгөөний удирдлагын байгууллагын заавраар 3 километрээс дээш өндөрт нисэх ёстой.
Сөүл хотод сурагчдыг шалгалтын төвд цагтаа хүрэхэд нь туслах зорилгоор метроны үйлчилгээг 27 удаагийн нэмэлт рейсээр нэмэгдүүлнэ.
Өглөөний 09:00 цагт нээгдэж, 15:30 цагт хаагддаг орон нутгийн хөрөнгийн биржийн ажиллах цагийг өглөөний замын түгжрэлийг багасгахын тулд нэг цагаар хойшлуулж, нээлт болон хаалтын цагийг өөрчилнө гэх зэргээр улс даяар хэрэгжүүлдэг зүйлс олон байдаг.