“Түмэн шувуут” халал аргаар бэлтгэсэн мах экспортолно

“Түмэн шувуут” хувьцаат компани мал бордож, мах экспортлох төсөлд Исламын бизнесийн холбоотой хамтран ажиллахаар болжээ. Хоёр тал хамтран ажиллах гэрээг ирэх тавдугаар сард байгуулах гэнэ. Түүнээс өмнө гэрээний бэлтгэл ажлыг хангах зорилгоор өчигдөр санамж бичигт гарын үсэг зурсан байна. 

Тус компани 2021-2022 оноос мал бордож, мах экспортлох төслийг хэрэгжүүлэхээр болсон. Энэ төсөлд хамтран ажиллах саналыг Исламын бизнесийн холбооныхон анхлан гаргасан аж. “Түмэн шувуут”-ын үүсгэн байгуулагч Л.Эрхэмбаяр “Исламын бизнесийн холбоо малыг мал эмнэлгийн хорио цээрийн бүсэд бордож, гарал үүслийг тодорхой болгон, халал аргаар мах бэлтгэх үйлдвэр байгуулахад хамтран ажиллах санал тавьсан. Хамтын ажиллагаа амжилттай болбол мал бордож, мах экспортлох төслийн төлөвлөсөн хугацаа наашилж, 2019-2020 оноос хэрэгжих боломжтой” гэжээ. 

Тэгвэл Дундад Азийн, халал аргаар бэлтгэсэн хонины мах хэрэглэдэг улсуудыг нэгтгэсэн Исламын бизнесийн холбооны төлөөлөгч Худоёров Дониер Тошпулотович “Халал аргаар бэлтгэсэн мах, махан бүтээгдэхүүний тал дээр хамтран ажиллах боломжтой компаниудыг нь судлахад хамгийн тохиромжтой нь “Түмэн шувуут” байсан. Эл компани нь шувуу, тэжээлийн аж ахуй, газар тариалангийн нөөц боломжтой учраас хамтран ажиллахаар эрмэлзэж байна” хэмээжээ.

Эх сурвалж: Өнөөдөр сонин