Баян-Өлгийн бага ангийн багш нарын монгол хэлний түвшин 30 хувьтай гарсан

Баян-Өлгий аймгийн боловсролын салбарын бодлогын хэрэгжилт болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Боловсролын яамны газрын дарга Л.Ганбатаас тодрууллаа.

Тэрбээр"Боловсролын сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг өнгөрсөн долоо хоногт Баян-Өлгий аймагт ажиллалаа. Ажлын хэсэг аймгийн боловсролын салбарын бодлогын хэрэгжилтийн өнөөгийн нөхцөл байдалтай танилцаж, дүн шинжилгээ хийх, цаашид анхаарах асуудлуудыг тодорхойлох, байгууллагуудад зөвлөн туслах чиглэлээр ажилласан.

Энэ хүрээнд сургууль, цэцэрлэг, ерөнхий боловсрол, мэргэжлийн болон дээд боловсролын сургалтын байгууллага, насан туршийн суралцахуйн төв, боловсролын газар зэрэг боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бүх шатны байгууллагыг хамруулсан. Мөн зарим асуудлаар салбарын хяналт болон холбогдох мэргэжлийн байгууллагын төлөөлөл ажиллаж, зөвлөгөө, мэдээлэл өгч, мэргэжлийн дүгнэлт гаргасан.

Ажлын хэсгийн хүрээнд онцгойлон анхаарч, үнэлгээ хийсэн асуудлын нэг нь багш, удирдах ажилтнуудын монгол хэлний мэдлэг, чадвар байлаа. Баян-Өлгий аймгийн бага ангийн багш нар, монгол хэл, уран зохиолын багш нар, сургуулийн захирал, сургалтын менежер, цэцэрлэгийн эрхлэгч, боловсролын газрын ажилтнууд, Боловсролын их сургуулийн харьяа салбар сургууль, Багшийн коллеж болон мэргэжлийн, дээд боловсролын сургалтын байгууллагын багш нарыг хамруулан монгол хэлний түвшин тогтоох шалгалт авч, үр дүнг тооцсон.

Шалгалтын дүнгээр монгол хэл, уран зохиолын багш нарын дундаж үнэлгээ 51 хувь, сургуулийн захирлуудынх 50 хувь, сургалтын менежерүүдийнх 44 хувь, цэцэрлэгийн эрхлэгчдийнх 40.7 хувь, мэргэжлийн болон дээд боловсролын сургалтын байгууллагын багш нарынх 33 хувь, бага ангийн багш нарынх 30 хувьтай гарсан.

Эдгээр үр дүнд үндэслэн багш, боловсролын байгууллагын удирдах ажилтнуудын монгол хэлний мэдлэг, чадварыг сайжруулах, түвшин бүрд тохирсон агуулга, арга зүйгээр сургалт, хөгжлийн арга хэмжээ зохион байгуулах шаардлагатай гэж үзсэн. Үүнтэй холбоотойгоор Боловсролын сайдын тушаалаар Баян-Өлгий аймагт авч хэрэгжүүлэх арга хэмжээний шийдвэр гаргахаар төлөвлөж байна.