МЗЭ-ийн шагналт, хүүхдийн зохиолч Г.Цэдэвдорж агсны нэрэмжит “Мөнгөн морь” хүүхдийн яруу найргийн наадмыг арваннэгдүгээр сарын 4-нд Улаанбаатар хотод зохион байгуулна. Энэ удаа улсын хэмжээнд зохион байгуулагдах тус наадам 5.5 сая төгрөгийн шагналын сантай. Наадамд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн 12-17 насны хүүхдүүд оролцох боломжтой. Оролцогчид чөлөөт сэдвээр бичсэн нэг шүлгээ илгээх бөгөөд эхний шатанд шилдэг 25 хүүхдийг шалгаруулна. Энэ шатны бүтээлийг оролцогчдын нэрийг нууцалж, тусгай кодоор шүүх юм. Харин хоёрдугаар шатанд шалгарсан хүүхдүүд тайзан дээр өөрийн шүлгийг уншиж, гурван үе шаттайгаар өрсөлдөнө. Шат бүрийн шүүлтийг тусдаа шүүгчид хийх аж.
Наадмыг зохион байгуулагч, яруу найрагч Д.Батсүрэн багш Г.Цэдэвдорж агсны эхлүүлсэн үйл хэргийг үргэлжлүүлж, хөдөө орон нутагт шүлэг, яруу найраг бичиж буй хүүхдүүдийн авьяасыг нээн илрүүлэх зорилгоор наадмыг улсын хэмжээнд өргөжүүлжээ. Тэрбээр гэргий, яруу найрагч П.Намууны хамт наадмыг зохион байгуулж, хүүхдүүдийг утга зохиолын замд хөтлөн, бүтээлээ олон нийтэд таниулах боломж олгохыг зорьж байна.
Г.Цэдэвдорж агсан насаараа Дорноговь аймагт багшилж, хүүхдийн зохиол туурвин, олон шавь бэлтгэсэн юм. Түүний шавь нар багшийнхаа үйл хэргийг үргэлжлүүлэн, нэрэмжит наадмыг зохион байгуулж байна.
Наадмын зарыг түгээснээс хойших эхний гурван хоногт 20 гаруй бүтээл иржээ. Шүлгийг цахим шуудангаар илгээх шаардлагатай тул зохион байгуулагчид ангийн болон уран зохиолын багш, эцэг эхчүүдийг хүүхдүүдэд туслахыг уриаллаа.
Мөн хоёрдугаар шатанд шалгарсан хүүхдүүд Улаанбаатар хотод асран хамгаалагчийн хамт ирэх шаардлагатай. Бүтээлээ илгээхдээ өөрийн утасны дугаараас гадна эцэг эх, асран хамгаалагч эсвэл багшийнхаа утасны дугаарыг заавал бичихийг зохион байгуулагчид санууллаа