Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ховд аймагт ажиллах үеэрээ Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын явцтай танилцлаа.
Эрдэнэбүрэний 90 МВт-ын усан цахилгаан станц жилд 360 сая кВт.цаг эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай.
Станц 2030 оны тавдугаар сард ашиглалтад орсноор баруун бүсийг эрчим хүчээр бүрэн хангахаас гадна төвийн бүсийн эрчим хүчний системд дэмжлэг үзүүлэх юм.
Мөн 100 орчим байнгын ажлын байр бий болж, усалгаатай газар тариалан, байгалийн аялал жуулчлал хөгжиж, энэ хэрээр орон нутаг, иргэдийн ахуй амьдралд олон эерэг нөлөө үзүүлнэ.
Түүнчлэн:
- Жилд CO2-ын ялгарлыг ойролцоогоор 300 мянган тонноор бууруулах,
- Үүнтэй дүйцэх нүүрсний хэрэглээ 110 мянган тонноор буурах,
- Жилд ойролцоогоор 120 мянган өрхийн цахилгааны хэрэгцээг хангах,
- Орон нутгийн эрчим хүчний бие даасан байдлыг бүрдүүлэх ач холбогдолтойг төслийн менежер танилцууллаа.