Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа.
Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэр, улсын хилийн халдашгүй дархан байдал, ард иргэдийн амар тайван оршихуйн баталгаа болсон төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагад албан үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаа залуу офицеруудад талархал илэрхийлж, амжилт хүсэв.
Цаашид улс орон, ард түмний язгуур эрх ашиг, үндэсний аюулгүй байдал, шударга ёс, хууль дээдлэх зарчмыг ямагт мөрдөж байхыг захиж, аливаа ажил хэрэгч санал, санаачилгыг урьдын адил дэмжихээ илэрхийллээ.
Тэрбээр бодлого, үйл ажиллагааныхаа хэрэгжилт, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөр, гадаад харилцаа, нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар товч танилцууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн санаачилгаар:
2023 онд “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудын манлайллын жил”,
2024 онд “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын ахлагчийн жил”,
2025 онд “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын ахлах офицеруудын жил”,
2026 оныг “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудын хөгжлийн жил” болгон зарласан юм.
Энэ хүрээнд улс орны аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт залуу офицеруудын оролцоо, үүрэг, хариуцлага, манлайллыг нэмэгдүүлэх, тэдний хөгжлийг дэмжих, алба хаах орчин, нөхцөлийг дээшлүүлэх, цалин урамшуулал, зэвсэг, техник, хангамжийг сайжруулах, нийгмийн хамгааллыг бэхжүүлэхэд чиглэсэн үе шаттай ажлууд хийж, үр дүнд хүрч буйг Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандамба танилцууллаа.