Парис болон бусад хотын зарим хэсэгт хөл хорио тогтоов

Францын эрх баригчид Парис, Лилль, Ницца зэрэг хэд хэдэн хотын зарим хэсэгт хөл хорио тогтоолоо.

Ерөнхий сайд Себастьян Лекорню Парис хотыг бүхэлд нь хөл хорионд оруулахыг үгүйсгэсэн ч онц байдал зарлах магадлалтай гээд тодорхой бүс нутгуудад хэсэгчилсэн хөл хорио тогтоох нь илүү оновчтой гэж мэдэгджээ.

Парисын цагдаагийн газраас Францын нийслэлийн тодорхой бүсүүдэд 20:00 цагаас хойш жагсаал цуглаан хийхийг хориглосон захирамж гаргасан бөгөөд Бүгд Найрамдах Улсын талбай (Place de la République) болон Ле-Аль (Les Halles) орчмын бүсэд 23:00 цагаас хөл хорио тогтоожээ. Эдгээр арга хэмжээ мягмар гаргийн өглөөний 06:00 цаг хүртэл хүчинтэй байх юм.

Ерөнхий сайдын ажлын албанаас мэдээлснээр, орон нутгийн захирагчдын зөвшөөрлөөр Лилль, Дуэ, Ваттиньи, Денан хотуудад дараагийн хоёр өдөр 20:00–06:00 цагийн хооронд насанд хүрээгүй хүүхдүүдэд хөл хорио тогтоосон байна.

Ницца хотын захирагч Эрик Чиотти цахим орчинд нийтэлсэн дүрс бичлэгтээ хотын төвд шөнийн цагаар насанд хүрээгүй хүүхдүүдийг гадуур гарахыг хориглосон захирамжид гарын үсэг зурсан гэж мэдэгдэв.

Марсель хотод мөн олон нийтийн цуглаан, жагсаал хийхийг хоригложээ. Үүний зэрэгцээ Францын үйлдвэрчний эвлэлүүд арваннэгдүгээр сарын 5-нд ажил хаялт, жагсаал цуглааны шинэ давлагаа зохион байгуулахаар уриаллаа.

Даваа гарагт сургуулиудын амралт эхэлсэн нь нөхцөл байдлыг намжаахад тусалж магадгүй ч Парисын төвд байрлах Луврын музей, Улс төр судлалын дээд сургууль зэрэг газарт оюутнууд дахин цугларч, зам хаасан эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулсаар байв.

Парисын тансаг зэрэглэлийн зочид буудал, дэлгүүрүүд төвлөрсөн Вандомын талбайд даваа гарагт ихэнх дэлгүүр хаалттай байсан бөгөөд хамгаалалтын ажилтнууд байрлаж байв. “Диор” брэндийн дэлгүүрийн гол хаалгыг эвдэж сүйтгэсэн бол Парисын төвд байрлах “Ролекс”, “Луи Виттон”, “Ральф Лорен”, “Гуччи” зэрэг бусад тансаг брэндийн дэлгүүрүүдийн цонх гэмтжээ.

Марсель хотын “Лиг 1”-ийн “Олимпик Марсель” хөлбөмбөгийн клуб хотын түүхэн төв гудамжинд байрлах албан ёсны дэлгүүрийг нь дээрэмдсэн гэж мэдэгдсэн байна. Мөн Францын төв хэсэгт байрлах нэгэн хотын захиргааны байрыг галдан шатаажээ.

Дотоод хэргийн сайд Нуньезийн мэдээлснээр, бямба гарагт Франц улс цагдаа болон бусад аюулгүй байдлын хүчний нийт 60 000 алба хаагчийг дайчилсан байна. Гэвч хүчирхийлэл үйлдсэн олон хүнийг хяналтад авахад энэ тоо хангалтгүй байсныг тэрээр хүлээн зөвшөөрчээ.