Нийслэлийн удирдах ажилтны өргөтгөсөн шуурхай зөвлөгөөн өчигдөр боллоо. Зөвлөгөөнд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга Р.Дагва, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн харьяа газар, агентлаг, есөн дүүрэг, 152 хорооны дарга удирдлагууд оролцов.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан зөвлөгөөнийг нээж үг хэлээд, цаашид хэрхэн ажиллах, хэрэгжүүлэх ажил, хөтөлбөрийнхөө талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр Төрийн байгууллага хоорондын уялдаа холбоотой, бодлогын нэгдсэн шийдэлтэй, гүйцэтгэл өндөр байх ёстой. Үүнд НИТХ болон Засаг дарга, ЗДТГ-аас гарсан бүх шийдвэр дүүрэг, хороонд ижил төвшинд үйлчилдэг байх нь чухал. Тодорхой шийдвэр гарсаар байхад түүнийг хэрэгжүүлдэггүй, дур мэдэн шийдвэрийг өөрчилдөг байдлыг таслан зогсоох ёстой. Батлагдсан орон тоог хэтрүүлдэг, зөвхөн хэсэг бүлэг хүмүүст зориулсан шаардлагагүй орон тоог баталж, өөрт ашигтай шийдвэр гаргадаг. Энэ мэтчилэн эзэнгүй айлын дураараа хүүхэд шиг аашилдаг газрууд олон бий. Үүнийг нийслэлийн есөн дүүргийн Засаг дарга нартай хамтран шийдвэрлэх болно. Мөн иргэдэд чирэгдэлгүй төрийн үйлчилгээг хүргэдэг байх асуудлыг эрчимжүүлнэ. Ингэхийн тулд иргэдтэй шууд холбогддог байх утсыг хотын даргын хувьд би өөрөө ажиллуулах болно. Эцэст нь хэлэхэд улс төрийн ойлголцол, ажил хэргийн эв нэгдэл гэх шалтгаанаар бурууг хаацайлж, элдэв үг болон үйлдлээр ажил цалгардуулах асуудлыг хүлээн авахгүй. Хэрэв би өөрөө алдаа дутагдал гаргавал, асуудалд хайхрамж алдвал миний явсан суусан газар бүрт шууд сануулж хэлээрэй. Миний ажил, хувийн ажил гэхээс илүүтэй та бидний хамтын ажил. Нийслэлчүүдийн ажил амьдрал, хувь заяатай шууд холбоотой учир асуудалд туйлшралгүй хандаж ажил цалгардуулалгүй хамтран ажиллана” гэж уриалан, урин дулаан цаг ирж байгаатай холбоотойгоор нийслэлийн хэмжээнд үүсэж болох эрсдэлийг мэргэжлийн байгууллагууд тооцож, урьдчилсан бэлтгэлээ ханган ажиллахыг үүрэг болголоо.
Мөн “Хотын даргын хувьд нийслэлд хийгдэж буй зам, дэд бүтцийн томоохон төслүүдийг түргэвчлүүлэн богино хугацаанд ашиглалтад оруулах. Засгийн газар, нийслэлээс агаар, хөрсний бохирдлыг бууруулахаар авч хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийг оновчтой зохион байгуулна. Иргэдийг чирэгдүүлдэг, оршин суугчдыг бухимдуулдаг олон асуудал бий. Тийм учраас өнөөдөр өргөтгөсөн зөвлөгөөн хийж үүрэг даалгавар өгч байна. Хамгийн түрүүнд хариуцлагаа сайжруулж, ёс зүйгээ дээшлүүл, иргэдийн оролцоог шат шатанд хангаж ажилла, төсөв хөрөнгийн үргүй зардлыг багасгах, бүтэц зохион байгуулалтын хүрээнд шаардлагатай асуудлыг цаг алдалгүй хийх зэрэг асуудлуудыг ярьж байна” хэмээв