Засгийн газрын ээлжит хуралдаанаар тусгай сангуудын асуудлыг хэлэлцсэнтэй холбоотойгоор Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тэдгээр сангуудын талаар авах арга хэмжээний талаар танилцууллаа.
Тусгай сангуудад авах арга хэмжээний талаар сайд Ч.Хүрэлбаатар танилцуулж байна
“Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар тусгай сангуудад хийсэн шалгалтын дүн дээр үндэслэн тусгай сангийн талаар авах арга хэмжээний тогтоолыг баталлаа. Нийтдээ 29 сангаас долоон санг татан буулгах шийдвэр гаргалаа.
Мөн Тариалан эрхлэлтийг дэмжих, Мал хамгаалах, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангуудыг нэгтгэсэн. Мөн Улсын авто замын сан, Боловсролын зээлийн сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангуудын үйл ажиллагааг сайжруулах ёстой гэж үзлээ.
Нийгмийн даатгалын сан, Нийгмийн халамжийн сан, Ирээдүйн өв сан, Эрүүл мэндийн даатгалын сан, МБС-ыг дэмжих сан зэрэг 15 сангийн үйл ажиллагааг хэвээр үлдээж байгаа.
Тусгай сангуудтай холбоотой бүх мэдээллийг шилэн дансны тухай хуульд нийцүүлэн олон нийтэд ил тод байлгахаар заасан. Мөн 14 чиглэлээр сангуудад үүрэг даалгавар өгсөн байгаа. Тухайлбал, Тариалан эрхлэлтийг дэмжих санд 140-иөд сая төгрөгийн зөрчил илэрсэн. Үүний 47 сая нь тендерийг зохион байгуулах, будлиантуулах, хугацааг нь багасгах, санал хүлээж авахгүй байх зэрэг зөрчлүүд байсан.
Үүнээс гадна Мал хамгаалах сангаас зээл авсан зээлийн эргэн төлөлт нь ойролцоогоор 50 орчим хувьтай байна. Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн тухайд үнийн зөрүүн дээрээс мөнгө алдах, зарим нэг тоног төхөөрөмжийн үнийг буулгаж байх жишээтэй зөрчлүүд илэрсэн. 72 сая төгрөгийн зээл эргэн төлөгдөөгүй байгаа бөгөөд үүнийг төлөөлүүлэх тал дээр анхаарч ажиллах, хяналт тавихад чиглэсэн үүрэг даалгавруудыг өглөө." гэлээ.
Шалгалтын дүнг дэлгэрэнгүй байдлаар сангийн яамны вэб сайтад тавих юм байна. Харин тусгай сангуудад гарсан зөрчилтэй холбогдуулан холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох, гэрээгээр хүлээсэн албан үүргээ биелүүлээгүй ААН-дэд хариуцлага тооцно гэлээ.