Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг сонгох НИТХ-ын ээлжит бус хурал өнөөдөр 11.30 цагт эхэлсэн боловч тооллогын комиссыг томилох асуудлыг шийдэж чадалгүй дахин завсарлалаа.
Тодруулбал, НИТХ дахь АН-ын бүлэг эл асуудлаар завсарлага аваад орж ирээд 5 минут болоогүй байтал МАН-ын бүлэг мөн нэг цагийн завсарлага авлаа. Завсарлага авсантай холбоотойгоор НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Р.Дагваас зарим зүйлийг тодрууллаа.
Тэрбээр "Гурван төлөөлөгчөөс 10 хүний нэрийг тооллогын комисст оруулах санал гаргасан. Энэ арван нэр дотор нэг хүний нэр хоёр удаа давхацсан байгаа юм. Цаана нь 9 хүний нэр үлдсэнээс 5 хүний нэр дэвшүлсэн асуудал нь унацан учраас одоогийн байдлаар дөрвөн хүн болчоод байна.
Бид тооллогын комиссын тоогоо тав гээд баталсан. Гэтэл одоо дөрвөн хүн үлдчихээд байна. Гэтэл нэр дэвшилтээ хаачихсан учраас энийг ярилцахгүй бол болохгүй болчихоод байна. " гэлээ.